Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярын гэм бурууг дэнсэллээ. Тус шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Б.Батболор, И.Ганбат, улсын яллагчаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, талийгаач улсын начин Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг, түүний өмгөөлөгч О.Санчирбал, Б.Бат-Ерөөлт, О.Даваажаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд гэрч, Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “MGT mining” компанийн захирал С.Гал-Эрдэнэ, хэрэг гарах үед Монголын телевизүүдийн холбооны ерөнхийлөгч асан, өдгөө Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Т.Ганзул, ETV телевизийн сэтгүүлч О.Баярмаа, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй есөн гэрч эл хуралд оролцсон юм. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө хэргийн оролцогчдоос тусгайлан гаргах, хүсэлт, саналтай, эсэхийг лавласан. Энэ үед шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров “Н.Түвшинбаярын зүгээс хохирогчийн талд нэмж 363 сая 446 мянган төгрөг төлсөн баримтыг гаргаж өгч байна. Өмнөх төлсөн хохирол дээрээ нэмж энэ мөнгийг шилжүүлсэн баримтыг гаргаж өгье. Мөн цаашдын амьжиргаа, үр хүүхдэд нь дэмжлэг болох үүднээс үл хөдлөх хоёр хөрөнгийг шилжүүлнэ гэдгээ гэр бүлийнхэнд нь илэрхийлсэн” хэмээв. Шүүх хурлаас өмнө шүүгдэгч Н.Түвшинбаяр талийгаачийн эмчилгээний болон бусад зардалд учирсан 2.7 тэрбум төгрөгийн бодит хохирлыг төлж барагдуулаад байсан юм.
Дээрх хүсэлтээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгийн өмгөөлөгч О.Даваажаргал шүүх хурлын зарим хэсгийг хаалттай явуулах саналтайгаа илэрхийлэв. Тодруулбал, “гэрчүүдээс мэдүүлэг авах, нотлох баримт шинжлэн судлах, прокурорын яллах дүгнэлтийг уншиж сонсгох үеийг хаалттай хэлэлцүүлэх шаардлагатай. Учир нь энэ үеэр хувийн харилцааны асуудал ч хөндөгдөж болзошгүй, хохирогчийн эрүүл мэндийн талаар ч яригдана” хэмээсэн бол бусад өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, прокурор нь уг саналыг дэмжсэн. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров энэ асуудалд тусгайлан хэлэх саналгүй хэмээсэн юм. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд хаалттай хэлэлцэх саналыг хүлээн авахаас татгалзан хурлаа үргэлжлүүлсэн. Гэхдээ хэвлэлийнхний ашиглаж байсан нээлттэй дэлгэцээр гаргахаа зогсоосон. Учир нь техник, технологи хөгжсөн энэ үед гэрчүүд шууд дамжуулж буй нэвтрүүлэг үзээд мэдээлэл солилцох эрсдэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн юм.
Ингээд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц яллах дүгнэлтээ уншиж сонсгосон. 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны үдэш улсын начин Э.Энхбатыг зодож, аминд нь хүрэх гэмтэл учруулсны улмаас хүний амь хэрцгийгээр хөнөөсөн. Энэ үедээ Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийн эзэмшлийн “MGT mining” компанийн албан өрөөний эд хогшлуудыг нь эвдэж, сүйтгэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 10.1-2.1-т заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн”, 17.8-1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн” хэмээн прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Н.Түвшинбаяр шүүхийн хэлэлцүүлгийн үеэр мэдүүлэхдээ “Бид хоёр шил виски уусан. Зодоон эхлэхэд өөрийн ухаантай байсан. Хохирогчтой ноцолдож байхад миний духнаас цус гарсан. Түүнээс хойших үйл явдлыг гүйцэд сайн санахгүй байна” хэмээн мэдүүлээд “Би гэм буруугаа ухамсарлаж байна, би буруутай” гээд хохирогчийн ар гэрийнхнээс уучлал гуйсан юм. Хэдийгээр шүүгдэгч ийнхүү хоёр шил виски уусан хэмээн мэдүүлж буй ч хэргийн газрын үзлэг, бусад гэрчийн мэдүүлгээр таван шил виски уусан гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой болов.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг мэдүүлэгтээ “Би амьдралаа өөрөө болгоод явж чадна. Харин гурван хүүхдийнхээ сургалтын төлбөрийг бол төлж дийлэхгүй. Тиймээс хүүхдүүдээ насанд хүртлээ сурч боловсроход гарах зардлыг нэхэмжилнэ. Талийгаач минь Н.Түвшинбаярт огт хир халдаадаггүй, амин хайртай найз нь байсан” хэмээсэн юм. Үүний дараа 14.00 цаг хүртэл завсарлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаан явуулах дэгийн дагуу гэрчүүдээс мэдүүлэг авч, улмаар 18.20 цагийн үед эд мөрийн баримтууд шинжлэн судалсан. Манай сонины дугаар шилжих мөчид буюу 20.00 цагийн үед шүүх хурал дуусаагүй байв. Тиймээс бид шүүхийн шийдвэрийг маргаашийн дугаартаа мэдээлэх болно.
Бэлтгэсэн: Г.РАВЖАА