Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн байранд НМХГ, ШӨХТГ-аас шалгалт хийхэд “ХҮК” “Мах Импекс” компанийн шошго олдсон билээ. Үүнтэй холбогдуулан “ХҮК” компанийн байранд хийсэн хяналт шалгалтын талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тодруулбал, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү
“Шинжилгээний дүнгээр тус үйлдвэрийн маханд байх нянгийн тоо зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн. Мөн үйлдвэрт ашиглаж байсан гарал үүсэл тодорхойгүй, хадгалах хугацаа хэтэрсэн бодис илэрсэн учир гэмт хэргийн шинжтэй хэмээн НМХГ-аас тодорхойлсон. Тиймээс прокуророос Эрүүгийн цагдаагийн албанд харьяалал тогтоосон тул мөрдөн шалгах ажиллагааг өчигдөр эхлүүллээ.
Мөрдөн шалгах БНХАУ-ын харьяалалтай “Эм Ди Си Пи” ХХК мах экспортлох зөвшөөрөлгүй. Агуулахад нь дулааны аргаар боловсруулсан болон боловсруулаагүй 234.8 тонн хонь, ямааны мах байсан. Дулааны аргаар боловсруулсан, “ХҮК” компанийн шошготой 4842 хайрцаг буюу 96 тонн мах илэрсэн. Хаяг шошгогүй 4604 хайрцаг буюу 92 тонн ямааны мах, 7.9 тонн ямааны шулсан мах, 7.9 тонн ямааны гулууз мах, 1500 ширхэг буюу 30 тонн хонины гулууз мах байсныг анх мэргэжлийн хяналтын газраас зөрчлийн хэрэг нээн шалгахдаа битүүмжилсэн байна. Цагдаагийн байгууллагаас дээрх битүүмжилсэн агуулахыг шалгаж, бүртгэж, дахин битүүмжлэхэд тоо хэмжээ зөрөөгүй.
Мөн “ХҮК” компанийн оффист прокурорын зөвшөөрөлтэй шалгалт хийсэн. Мах экспортлох зөвшөөрөлгүй компанийн дулааны аргаар боловсруулсан маханд “ХҮК” компанийн шошго яагаад наасан гэдгийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна” гэж мэдээллээ.