Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан эхэллээ. Өмнөх тавдугаар сарын 12-нд болсон хурлын үеэр шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэн эл хэргийг шүүхээс татгалзсан юм. Тиймээс шүүх бүрэлдэхүүнийг сольсон байна.
Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, "Чингис хаан" одонт Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ багийн найз Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсан гэдэг. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр нас барсан билээ.
Прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1
2.1.Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
17.8 дугаар зүйл.Эд хөрөнгө устгах, гэмтээх
1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.