Улсын Дээд шүүх өчигдөр Д.Отгонжаргал нарын зургаан хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Д.Отгонжаргал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттулга, З.Эрдэнэбат, Б.Цагаантулга, Б.Хосбаяр нар ХААН банкны Архангайн Өгийнуур, Төв аймгийн Эрдэнэ, Угтаал, Сэлэнгийн Сант суманд байрлах тооцооны төв, “Монгол шуудан” банкны Хэнтий аймгийн Баян-Овоо сум дахь салбараас 100 гаруй сая төгрөг, эд зүйлсийг нь хулгайлсан юм. Түүнчлэн Хэнтий аймгийн Баян-Овоо, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төвд байрлах ХААН банкны тооцооны төвийн хаалгыг эвдэн орж, эд зүйл хулгайлахыг завджээ.
Мөн уг хэргийн яллагдагч Б.Баттулга нь О.Одхүүтэй бүлэглэн, 2008 оны есдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын иргэн Ц-ын 20 ямааг хул гайлан машинд ачиж зугтсан байна. Мөн Д.Отгонжаргал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттулга, Б.Хосбаяр нар нь онц хүнд гэмт хэрэг үйлдэх зорилгоор зохион байгуулалттай бүлэг байгуулсан аж.
Хан-Уул дүүргийн шүүх дээрх хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцээд Д.Отгонжаргалд 14 жил, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттулга нарт тус бүр 12 жил, Б.Хосбаярт 11 жил зургаан сар, Б.Цагаантулга, З.Эрдэнэбат нарт тус бүр 10 жил нэг сар хорих ял оноожээ. Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн бол Улсын Дээд шүүх ч уг ялыг байгаагаар нь батлав.
Г.РАВЖАА