УИХ-ын гишүүн А.Тлейханы туслахаар ажиллаж байсан Ш.Айдос нарын гурван хүнд холбогдох хэргийг өчигдөр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар хянан хэлэлцлээ. Ш.Айдос нь 2010 оны арваннэг, арванхоёрдугаар сард УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн албан бичгийн хэвлэмэл маягтыг олшруулан авч хуурамч бичиг баримт үйлдсэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн албан бичгийн хэвлэмэл хуудсыг Ч.Алтанхуягаар хуурамчаар хийлгэж, Ерөнхийлөгч болон УИХ-ын даргын нэрээр хуурамч албан бичиг үйлдсэн аж. Мөн иргэдийн гээсэн иргэний үнэмлэхүүдийг ашиглан, төрийн бус байгууллага байгуулахад шаардлагатай бичиг баримтуудыг Х.Тамираар хуурамчаар үйлдүүлэн бусдын нэрээр “Шинэ Монголын хөгжлийн төлөө” төрийн бус байгууллагыг хууль бусаар байгуулж, гэрчилгээ авчээ.
Тэрбээр уг хуурамч албан бичгүүдээрээ “Петровис”, “Номин холдинг”, “Ган хийц”, “Оюутолгой”, “Очир ундраа”, “Мобиком” зэрэг компаниас мөнгө залилахыг завдсан гэнэ. Мөн МСS группээс гурван сая, Жаст группээс нэг сая төгрөг луйвардан авчээ. Сүхбаатар дүүргийн шүүх уг хэргийг энэ оны долдугаар сарын 22-нд анхан шатны журмаар хянан хэлэлцээд Ш.Айдост 3.6 жил хорих, Ч.Алтанхуяг, Х.Тамир нарт тус бүр 1.6 жил хорих ногдуулсан юм.
Нийслэлийн шүүх энэ хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 6-нд хэлэлцэж, Ш.Айдост оногдуулсан 3.6 жилийн хорих ялыг гурван жил хорих болгон өөрчилжээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаас Ш.Айдост давж заалдах шатны шүүхээс оноосон гурван жилийн хорих ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. Харин Ч.Алтанхуяг, Х.Тамир нар залилан мэхлэх гэмт хэрэгт оролцсон нь нотлогдохгүй байна гэж Дээд шүүх үзэж, хэргийг нь хэрэгсэхгүй болголоо.