“Хустайн цогцолборт газар” төв, Их говийн дархан цаазат газрын “Б” хэсэг, “Хомын талын тахь” ТББ, “Олон улсын тахь” группийнхэн хамтран Монголд тахь сэргээн нутагшуулаад 30 дахь жилтэйгээ золгож байна. Австрали, Европ тивийн амьтны хүрээлэнгээс 1992 онд манай улсад сэргээн нутагшуулахаар анх тахь авчирчээ. Өнгөрсөн хугацаанд Төв аймгийн Хустайн нуруунд 16, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт тав, Завханы Хомын талд 12 толгой тахь нутагшуулсан аж. Өдгөө тоо толгой нь өсөж Хустайд 422, Тахийн талд 386, Хомын талд 132 тахь байна. Ингэснээр Монгол Улс дэлхийд хамгийн олон тахьтай буюу 940 тахьтай болоод байна.
Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дашпүрэв “Том биетэй, хөхтөн амьтныг сэргээн нутагшуулсан маш амжилттай тохиолдол дэлхийд манайхаас өөр алга. Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилал шалгуураар 1969-1996 онд “Байгальд устсан” хэмээх ангилалд байсан тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулж, 2008 онд “Устаж байгаа”, 2011 онд “Устаж болзошгүй” гэх хоёр зэрэг бууруулахад Монголын тахийн популяц дэлхийд том хувь нэмэр оруулсан. Тодруулбал, Монгол, Хятадад тус бүр гурав, Казахстанд болон Орост нэг, нэг нийт найман газарт тахь сэргээн нутагшуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс Монголд сэргээн нутагшуулж буй тахь байгальд сул чөлөөтэй бэлчиж, улирлын хатуу ширүүнийг даван туулж мэнд үлдэж байгаагийнх нь хувьд “байгалийн популяц” хэмээн үзсэн” гэж ярилаа. Монголын байгаль орчныг хамгаалах холбооны ерөнхийлөгч Н.Бадамхандын өгүүлснээр тахь сэргээн нутагшуулах дөрөв дэх үйл ажиллагааг Дорнод аймгийн Нөмрөгийн бүс нутагт эхлүүлэхээр төлөвлөжээ.
Бэлтгэсэн М.Мөнхжаргал