Монгол орны нийт нутгаар ойрын өдрүүдэд бороо элбэгших тул малчид, тариаланчид, тээвэрчид, аялал зугаалгаар явж буй хүмүүс сонор сэрэмжтэй байж, үерийн аюулаас болгоомжлохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулав. Өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 6-нд Хэнтий, Дорнод, Сэлэнгэд усархаг бороо ойрхон давтамжтай орсноос томоохон гол, нуурын усны түвшин эрс нэмэгджээ. Хэнтий, Дорнод аймгийн нутгаар урсах, Онон голын томоохон цутгалд тооцогддог Балж гол гэхэд өчигдөр үерийн аюултай түвшнийг 15 см-ээр давжээ. Сүүлийн долоо хоногийн хур тунадасны нийлбэрээр Хэнтийн Биндэрт 70.9, Дадалд 58.4, Өмнөдэлгэрт 51 мм бороо орсон нь хамгийн өндөр үзүүлэлт болсон аж. Өнөөдөр болон маргааш Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар үргэлжилсэн бороо орж, сэрүүсэх бол цаашид нийт нутгаар хур тунадас элбэгших төлөвтэйг цаг уурчид онцлов.