Хөгжлийн банкны гэх олны анхаарал татсан хэргийг шалгах АТГ-ын ажлын хэсгийнхэн хорих ял эдэлж буй, ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалаас саяхан мэдүүлэг авчээ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр АТГ-ын мөрдөгчид ШШГЕГ-ын харьяа Багануур дахь хаалттай хорих 427 дугаар ангид очиж Б.Махбалтай уулзсан гэнэ. Энэ талаар прокурор, мөрдөх байгууллагын эх сурвалжуудаас тодруулахад “Хөгжлийн банкны ТУЗ-д Б.Махбал ажиллаж байсантай нь холбогдуулан түүнээс зайлшгүй мэдүүлэг авах шаардлагатай болсон. Тиймээс АТГ-ын мөрдөгч очиж түүнээс гэрчийн мэдүүлэг авсан нь үнэн” гэсэн юм. Б.Махбал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга байхдаа 2016 оны арваннэгдүгээр сараас 2018 оны хоёрдугаар сар хүртэл тус банкны ТУЗ-д багтаж байж. Тухайн үед эл зөвлөлийн дарга нь ЗГХЭГ-ын дэд дарга Б.Даажамба байсан. Тэдний багтсан ТУЗ-ийн шийдвэр, банкны удирдлагын тушаалаар зээл авсан аж ахуйн нэгж түүнийгээ зориулалт бусаар зарцуулсан үйлдэлд холбогдоод буй билээ. Тодруулбал, НВЦ компанид давуу байдал олгосон хэрэгт банкны тухайн үеийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал болон эрх бүхий албан тушаалтнуудыг буруутгасан байдаг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Б.Махбал ЗТХЯ-ны мөн газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг 2018 оны наймдугаар сарын 9-нд хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтээ 11 жил хорих ял шийтгүүлэн дээрх ангид ял эдэлж буй.