Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганзориг, тус газрын Захиргаа, санхүү, хангалтын албаны дарга О.Хүрэлбаатар, Эм урвалж, эмнэлгийн хэрэгслийн мэргэжилтэн, малын их эмч Б.Саранзаяа, Чанарын менежер Ч.Нямцэнгэл нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-2-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Мал, амьтны гоц халдварт, халдварт, паразит, халдваргүй, хордлогот өвчнийг илрүүлэх, оношлох, онош баталгаажуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зөвлөх, хэрэгжүүлэх, экспорт, импортын мал, амьтан, тэдгээрийн түүхийн эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг эрүүл ахуйн баталгаа гаргах үндсэн чиг үүрэгтэй улсын төсөвт үйлдвэрийн газрын нэр бүхий эдгээр албан тушаалтныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн жилээс шалгаж эхэлсэн аж.
УМЭАЦТЛ-ийнхон 2020 онд “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн багаж тоног төхөөрөмж нийлүүлэх” тухай тендер зарлаж, есдүгээр сард нь “Глобалбизнес линк” гэх компанийг шалгаруулан УМЭАЦТЛ/202002001/03/01 (МЭТШ/2020OPEN_01) дугаартай гэрээ байгуусан аж. Тус компанийнхан улсын төсөвт үйлдвэрийн газарт 13 нэр төрлийн 16 ширхэг тоног төхөөрөмжийг 200 сая төгрөгийн төлбөртэйгөөр арваннэгдүгээр сарын 14-ний дотор нийлүүлэхээр болсон аж. Гэвч “Глобал-бизнес линк” ХХК-ийнхан гэрээний үүргээ бүрэн биелүүлэлгүй, гурван нэр төрлийн 88 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй аж. Энэ үед УМЭАЦТЛ-ийн захирал Б.Ганзориг удирлагадаа байдаг гурван албан тушаалтанд тухайн тоног төхөөрөмжийг хүлээн авсан мэтээр анхан шатны баримт бүрдүүлэх чиглэл өгч, гэрээ дүгнэсэн болон бараа хүлээн авсан акт үйлдүүлэн хуулийн этгээдэд давуу байдал олгосон юм байна. Улмаар “Глобалбизнес линк” компанид тендерийн төлбөр болох 200 сая төгрөгийг бүрэн шилжүүлснээр улсын төсөвт 88 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон аж.