Улсын Дээд шүүхийн өчигдөр болсон хяналтын шатны шүүх хурлаар АТГын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас, Тамгын газрын дарга Д.Бадарч нарт холбогдох хэргийг хэлэлцлээ. Чингэлтэй дүүргийн болон Нийслэлийн шүүхээс Ч.Сангарагчаад төрийн нууц задруулсан, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчиж ажилтнаа тагнасан, албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, УИХын гишүүн С.Эрдэнийг гүтгэсэн хэмээн буруутгаж, хоёр жил дөрвөн сар, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарт төрийн нууц задруулж, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн гэж хоёр жил хорих ял тус тус оноосон юм.
Тус шүүхийн Эрүүгийн танхимын гурван шүүгч оролцож хэлэлцсэн хурлын үеэр дээрх гурван хүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Хишигбаатар, Ц.Монгол, Ж.Эрдэнэбулган, Ц.Цэдэндамбаа нар Нийслэлийн прокурорын газрын орлогч, уг хэрэгт улсын яллагчаар оролцож байсан Е.Сагсайгаас татгалзсан юм.Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авч, Е.Сагсайг хурлын танхимаас гаргав. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүхэд яллагчаар оролцсон прокурорыг Дээд шүүхийн хуралд оролцуулдаггүй, УЕПГаас прокурор оролцдог. Үүний дагуу тус газраас хяналтын прокурор Х.Батчимэг ирсэн юм. Шүүх хурал 12.00 цаг хүртэл үргэлжилж, шүүгч нар бүтэн нэг цагийн туршид зөвлөлдсөний дараа шийдвэрээ гаргалаа.
Хяналтын шатны шүүхээс Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нар гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэмт хэргийн зүйлчлэл зөв гэж үзжээ. Харин Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарт ногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж хяналтын шатны шүүгчид үзэж, хорих ялыг тэнсэж тус бүрийг нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар боллоо. Шүүхийн шийдвэрийг сонсгосны дараа өмгөөлөгч Ц.Монгол сэтгүүлчдэд “Миний үйлчлүүлэгч Д.Сундуйсүрэн гэмт хэрэг үйлдээгүй, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргана. Хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэв. Хэрэв өмгөөлөгч Ц.Монголын гомдлыг Ерөнхий шүүгч хүлээн авч, хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх юм.
Шүүхийн шийдвэр гармагц ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр ангийн аж ахуйд ажиллаж байсан Ч.Сангарагчаа суллагдсан бол, Д.Сундуйсүрэн ШШГЕГ-ын харьяа Дамжин өнгөрүүлэх ангиас, Ө.Алтангадасыг Тахир соёотоос тус тусын ар гэрийнхэн нь очиж авчээ. Ийнхүү тэд суллагдсанаар харьяа дүүргийнхээ Цагдаагийн хэлтэст сар бүр очиж бүртгүүлэх үүрэгтэй боллоо. Бүтэн жилийн турш дуулиан тарьсан АТГ-ын дарга нарын хэрэг ийнхүү шийдэгдэж, тэднийг гэм буруутай гэж шүүх үзлээ. Тиймээс одоо тус газрын даргыг томилох асуудал үлдлээ. Юутай ч олон хүний нэр АТГ-ын даргын албан тушаалд яригддаг. Гэвч цөөнгүй нэр дэвшигч хэл амтай энэ газрын дарга, дэд даргаас татгалзаж буй юм. Анхны дарга нь нас барж, дараагийнх нь ял шийтгүүлээд байгаа АТГ-ын дарга гэх албан тушаал хатуу гэж тэд ярьж буй гэсэн.
Г.РАВЖАА