Дархан цаазат Богд уулан дахь “эдлэндээ” өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр 69 бараа бологчтойгоо ирж, амраад буцсан Кувейтийн Эрхэм дээд Эмирийн онгоцонд хөлдөөсөн зээр нууцаар оруулахыг завдсан Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнуудын тухай бид мэдээлсэн. “Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн дээрх мэдээллийн мөрөөр цагдаагийн ажилтнууд шалгалт хийж эхэлжээ. Бидэнд олдсон мэдээллээр мөрдөгчид Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнуудаас хөлдөөсөн зээрийн учрыг тодруулах аж.
Ан агнуурын тухай хуулиар цагаан зээрийг есдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд агнадаг. Гэтэл хуульд заасан хугацаа болоогүй байхад зээр агнасан, улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан хэрэгт тусгай албаны ажилтнуудыг буруутгах бололтой. Дэлхийн баян орны нэг Кувейтийн Эмир Монголд ганцхан хоноод буцахдаа хулгайн ан хийгээгүй нь ойлгомжтой. Тэгэхээр манайхан, тэр дундаа Төрийн тусгай албаны ажилтнууд хуулиа зөрчсөн болж таарах нь. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнууд гурван микроавтобус дүүрэн хар өнгөтэй, төмөр хайрцагтай зүйлийг Эмирийн онгоцонд оруулахыг завдсан байна.
Гаалийн ажилтнуудад шалгуулахг үйгээр оруулах гэсэн тэр хайрцагнуудын нэгийг задлахад толгойг нь тасдан хөлдөөсөн цагаан зээр байжээ. Хууль бус “бараа” нь илэрмэгц тусгай албаны ажилтнууд бусад хайрцагт юу байгааг үзүүлэхгүй гээд микоравтобуснуудаа нисэх буудлын талбайгаас гаргасан аж. Түүнчлэн дипломат ажилт нуудын үйлчлүүлдэг VIP заалаар Эмирийг дагалдан явсан бүх хүнийг оруулж, тал зассан байна. Харин шаардлага тавьсан хил, гаалийн ажилтнуудад “Энэ та нарт хамаагүй” хэмээн томорчээ.
Д.ДАГВА