Б.УРАН
УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчөлт оруулах тухай хуулийг батлав. Үүнтэй холбоотойгоор уг төслийг санаачилсан гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар, гишүүн Д.Цогтбаатар нар хэвлэлийн бага хурал хийлээ. Гишүүн Б.Энхбаяр “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдвол яллах, нотлогдоогүй нөхцөлд цагаатгах шийдвэрийг шүүх гаргадаг. Харин манай улсын хувьд дээрх хоёроос гадна хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг. Үүний улмаас олон хэргийг замхруулж, хуулийнхан “хонгил” үүсгэж буй. Энэ явдлыг таслан зогсоохын тулд уг төслийг өргөн барьсан. Монгол Улсын эрх зүйн системд аль нэгэн хэргийг нотол, чадахгүй бол цагаатга гэсэн зарчим нутагших боломж бүрдлээ” гээд уг хуулийг ердийн журмаар хэрэгжүүлэхийг тодотгосон. Ингэснээр аливаа хэргийг шүүхийн шатнаас мөрдөн байцаалтад буцаахгүй юм байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс л мөрдөн байцаалтад буцаах аж.
Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар “Энэ нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлснээр хүн хэлмэгдүүлэх явдал эрс багасна. Хэдийгээр хэдхэн заалттай хууль боловч хэрэгжүүлээд эхлэхээр хууль, шүүхийн байгууллагынхнаас арга, ажиллагаагаа өөрчлөхийг шаардана. Хэргийг буцаахгүй болохоор эрсдэлүүд үүсэх юм биш үү гэдгийг ажлын хэсгийн түвшинд ярилцсан. Анхан шатны шүүхэд хэргийг 30 хоногийн хугацаагаар нэг удаа хойшлуулах тухай заалт төсөлд тусгасан байсныг Засгийн газар болон хуулийн байгууллагуудын зүгээс 60 хүртэл хоног болгох санал тавьсныг ажлын хэсгийнхэн хүлээн авсан” хэмээлээ. Гишүүн Б.Пүрэвдорж “Жаст”-ын гэх хэрэг өнөөдрийг хүртэл 10 гаруй жилийн турш өмгөөлөгч, мөрдөгч, яллагч, шүүгч дөрвийн дунд шийдэгдээгүйг онцолсон бол гишүүн Ц.Сандаг-Очир “Авлига, албан тушаал буюу улс төр, нөлөө бүхий өндөр албан тушаалтнуудтай холбоотой гэмт хэргүүд олон нийтийн дунд сүр дуулиан болж байгаад усанд хаясан чулуу шиг замхардаг. Шүүх хуралдаанаас хэргийг мөрдөн байцаалтад буцаадгаас болж хугацаа хожих, ял завшдаг гажуудал бий болсон. Үүнийг засаж, залруулах нь уг хуулийн гол амин сүнс нь юм” гэв.