Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Монголын чопперчин ахан дүүс” ТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг зургадугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн фестивал “Эрүүл хүн- Архигүй Монгол” уриан дор зохион байгуулагдаж, 21 аймгийн мотоцикл сонирхогчид болон монгол туургатан улсуудын төлөөлөл 100 гаран мотоцикл сонирхогчид хүрэлцэн ирж оролцох юм.
Наадмын нээлтэд мотоциклийн клубууд нэгдсэн зохион байгуулалтын дор “Буянт-Ухаа” спортын ордноос цуваагаар Сүхбаатарын талбайд ирэх бөгөөд энэ үеэр ховор нандин мотоциклийн үзэсгэлэн, үзүүлэх тоглолт, мотоцикл болон дагалдах хэрэгслийн худалдаа, хоол үйлчилгээ, урлагийн тоглолт болно.
Талын салхи наадам нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам бөгөөд 2019 онд “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ болон БНХАУ-аас 200 мото тамирчид мөн Япон, Энэтхэг улсуудын төлөөлөл оролцож байсан. Тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм.