Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй хэмээн үзэж байгууламжуудыг нийслэлийн ЗДТГ-аас энэ сарын 30-ны өдөр буулгасан билээ. Тэгвэл, Дугуй цагаан орчмын шавар гэрүүдийг эзэмшигч жуулчны баазын төлөөлөл мэдээлэл хийлээ. Учир нь гэрүүдийг буулгах талаараа эзэмшигчдэд урьдчилж мэдэгдээгүй, албан бичиг хүргүүлээгүй аж.
Эзэмшигчийн төлөөлөл мэдэгдэлдээ "Богдхан амралтын газар нь 2003 оноос хойш олон жил үйл ажиллагаа явуулсан. Сүүлийн жилүүдэд цар тахлын нөлөөгөөр бусад байгууллагын нэгэн адилаар үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл гарч байв. Манай байгууллага нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан нийтийн эрх ашгийг хүндэтгэн үзэж иргэдийг чөлөөт цагаа зөв өнгөрөөхөд нь дэмжлэг болох үүднээс хаалга үүдээ нээлттэй байлгаж, өөрсдийн хөрөнгөөр орчноо цэвэрлэн ил задгай хаясан хог хаягдлыг хаяж, цэвэрлэн тохижилт үйлчилгээг хийж ирсэн.
2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр дөрвөн ширхэг том оврын экскаватор, найман ширхэг автосамосвал хүнд даацын машин үүрийн 4-5 цагийн үед үүдний төмөр хаалгыг эвдэн хүч түрэн дайрч, манай байгууллагын өмч хөрөнгийг эвдэж сүйтгэн нураалаа. Тухайн өдөр 54 ширхэг гэр хэлбэртэй бетон тоосгон барилгыг доторх тавилга эд хогшлынх нь хамт нураасан. Мөн хоёр ресторан, үйлчилгээний барилга доторх тавилга, эд хогшил, хураалттай бараа материал, соёл урлаг арга хэмжээ зохион байгуулдаг тайз, спортын талбай зэрэг их хэмжээний эд хөрөнгүүдийг санаатайгаар эвдэн нураасан.
Хотын дарга Д.Сумъяабазар болон түүний удирдлагад байдаг агентлаг, албан тушаалтнууд нь хууль ёсны дагуу албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа Богдхан амралтын газар дээрх эд хөрөнгөд халдаж, нураасан нь Ардчилсан Монгол Улсад хэрхэвч байж болшгүй хууль зөрчсөн үйлдэл мөн. Иймд манай байгууллага нь зохих ёсны хууль шатны байгууллагад гомдол гаргаж, албан ёсоор хандах болно" гэв.