Шведийн Цагаачлалын албанаас манай улсын Хүүхдийн төлөө газарт хандан тус улсад хууль бусаар оршин суун, гуйлга гуйж байгаа гэх таван монгол хүүхдийн талаарх мэдээллийг тодруулах хүсэлт тавьжээ. Үүний дагуу Хүүхдийн төлөө газар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авахад, монгол хүүхэд Швед улсад үрчлэгдсэн болон хууль бусаар хил нэвтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байсан аж. Шведийн Цагаачлалын албанаас тэдгээр хүүхдийн нэрсийг манайд албан ёсоор өгсөн боловч УБЕГ-ын архиваас хайхад нэг хүүхэд тус улсад иргэний шинэчилсэн бүртгэлд, нэг нь Монгол Улсад иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байв. Гэхдээ нэгнийх нь нэр зөрсөн тул хуурамч бичиг баримтаар хил давсан байж болзошгүй гэнэ.
Харин үлдсэн гурвынх нь талаарх мэдээлэл архивын болон цахим мэдээллийн сангаас олдоогүй юм байна. Энэ асуудлыг Улсын мөрдөн байцаах газрынхан шалгаж эхэлжээ. Хүүхдийн төлөө газрынхан Швед дэх Монголын Элчин сайдын яам ныхантай холбогдоход “Тус улсад монгол хүүхэд хууль бусаар оршин сууж байгаа тухай мэдээлэл ирээгүй” гэжээ. Иймээс Цагаачлалын албанаас мэдээллийг тодруулан, хамтарч ажиллахаар болжээ. Гэхдээ хүүхдийн эрхийг хүндэтгэн, хамгаалах үүднээс нэрсийг нь зарлах боломжгүй гэв.
Хүүхдийн төлөө газрынхан цаашид хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах уулзалт, хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн тухайгаа мэдэгдлээ.
О.ХАЛИУН