“Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт Катарын тусгай рейсийн онгоц газарджээ. Арав гаруй зорчигчтой онгоцны багийнхан тэр өдрийнхөө 21.00 цагт нисэх хуваарьтайгаа манай гаалийнханд тайлбарласан байна. Тэд онцгой “ачаа” буюу 20 шонхор авч явах байсан тул гаалийнхан хоёр жилийн өмнөөс мөрдөж ирсэн журмынхаа дагуу ажлын найман цагт гаалийн бүрдүүлэлт хийхээр нислэгийг хойшлуулжээ. Маргааш нь гаалийн бүрдүүлэлт хийхээр бичиг баримтыг нь шалгахад Хилийн мэргэжлийн хяналтын газрын зөвшөөрөл нь дугааргүй байсан аж.
Тагнуулын газрын ажилтнууд хууль бус дээрх ажиллагааг эхнээс нь хянаж байсан бололтой юм. Тэд катарчуудын авч гарахаар зэхэж байсан 20 шонхрыг хурааж, шалгахаар болжээ. Засгийн газрын 20 дугаар тогтоолоор хил дээр ажиллах хил, гааль, хяналтын байгууллагуудын үйл ажиллагааны дарааллыг тогтоож өгсөн байдаг. Энэ тогтоолын дагуу улсын хилээр авч гарах ачаа бараанд эхлээд Хилийн мэргэжлийн хяналтын ажилтнууд үзлэг, шалгалт хийж, зохих зөвшөөрөл өгсний дагуу гаалийн бүрдүүлэлт хийдэг аж. Гэтэл Хилийн мэргэжлийн хяналтын зөвшөөрөл зөрчилтэй байснаас гааль, тагнуулын ажилтнууд катарчуудын авч гарах гэж байсан дээрх “ачааг” саатуулан, холбогдох хүмүүсийг шалгаж эхэлжээ. Бидэнд олдсон мэдээллээр тагнуулынхан Хилийн мэргэжлийн хяналтын ажилтнуудыг энэ асуудалд буруутгаж байгаа бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй байна.
Шонхор авахаар ирсэн катарчууд нэлээд хэл ам хийж байгаад “ачаагаа” орхиод явснаас хойш гурав хоногийн дараа холбогдох байгууллагын ажилтнууд дээрх 20 шувууг байгальд нь тавьжээ. Шонхор авч гарах гэж байсан катарчуудад Мар жангуль хэмээх эмэгтэй хэлмэрчилж байснаа асуудал гарах үед хаашаа ч юм явсан байна. Тэрбээр өмнө нь шонхрын хууль бус наймааны хэргээр цагдаагийн байгууллагад шалгуулж байсан нэгэн гэнэ. Засгийн газраас өгсөн зөвшөөрлийн дагуу энэ жил манай улс Арабын орнуудад 240 шонхор гаргана. Үүнээс одоогоор 148-ыг нь харьд илгээгээд байна. Ийнхүү “Чингис хаан” нисэх буудал дахь Хилийн мэргэжлийн хяналтын ажилтнууд ойрхон хоёр ч ноцтой асуудалд холбогдов. Үүнээс хэд хоногийн өмнө Кувейтийн Эмирийн онгоцоор хөлдөөсөн зээр авч гарах гэж байсныг тус газрын ажилтнууд бас л мэдээгүй байсан юм.
Д.ДАГВА