Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр, "Засгийн газраас Ерөнхий сайдын өгсөн үүрэг, даалгаврын дагуу мах бэлтгэх үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгах Ажлын хэсэг байгуулагдсан. Эмээлтэд өнөөдрийн байдлаар 32 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Мөн БНХАУ руу экспортлох эрхтэй 31 үйлдвэр, дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 байгууллага байна.
Тавдугаар сарын 10-наас МХЕГ-аас мах боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна. Энэ явцад 17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, лацадсан. Шалгалт үргэлжилж байна. Мах экспортлох зөвшөөрөлтэй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоож, эрсдэлийн үнэлгээ хийнэ.
Махтай холбоотой асуудлыг олон нийтэд нээлттэй мэдээлж байна. Өнгөрсөн хугацаанд мах, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалтай холбоотой асуудал ноцтой яригдаж, хөндөгдсөөр байсан. Ил, далд хяналт шалгалт хийж байгаа нэртэй үгсэн хуйвалдсан хяналт шалгалт, асуудлууд үе үеийн ашиг сонирхолтой албан тушаалтнуудтай холбоотой байсаар ирсэн. Тиймээс олон нийтэд нээлттэй, иргэдийн оролцоотой, зохион байгуулалттайгаар шалгалтыг хийж байна. Экспортын зөвшөөрөлтэй нь байна. Зарим нь зөвшөөрөлтэй хэр нь үйл ажиллагаа явуулдаггүй нь ч бий. Тиймээс цэгцлэх шаардлагатай болсон. Өмнөх шалгалтууд хангалтгүй байсан. Асуудал их, хариуцлага дутуу байсан учир холбогдох хоёр байгууллагын удирдлагуудыг ч сольсон. Бүх төрлийн шалгалтыг аль болох иргэд, ААН-үүдэд дарамтгүй хийхийг зорьж байна. Өнөөдөр гэнэт энэ талаар яриад байгаа юм биш. Үүнийг гол нь цаашдаа тууштай хийх хэрэгтэй байна" гэж хэлэв.