Алтайн Бүгд Найрамдах Улсын Кош-Агач тосгонд болсон “Ирвэсийн их наадам” өдөрлөгт Баян-Өлгий аймгаас есөн сурагч оролцжээ. Цоохор ирвэс бүхий нутагт амьдардаг хүүхэд, залуусыг байгаль хамгаалалд татан оролцуулах, энэ чиглэлээр суралцах, мэргэжил эзэмшихэд нь чиглүүлэх, “уулын эзэн”-ий зан төрхийн онцлог, экологийн ач холбогдлыг таниулах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангаас Алтайн хязгаарт жил бүр зохион байгуулдаг эл арга хэмжээнд эко клубийн 200 гаруй сурагч нэгдсэн байна. Энэ удаагийн өдөрлөгт оролцсон, Баян-Өлгий аймгийн Бугат сумын сурагч М.Балауса “Би өнөө жил ерөнхий боловсролын сургуулиа төгсөнө. Москва хотын Багшийн их сургуульд орос хэлний багш, орчуулагчаар сурах тэтгэлэг авсан. Ирэх жилээс “Ирвэсийн их наадам”-д оролцохгүй нь харамсалтай ч эко клубийн багш болоод, энэ сайхан арга хэмжээнд нэгдэнэ” гэж сэтгэгдлээ илэрхийлэв.