Тахь сэргээн нутагшуулахад нэн тохиромжтой, бэлчээр, уст цэг сайтай бас нэг газар Монголд байгааг судлаачид тогтоожээ. Тодруулбал, тахь сэргээн нутагшуулах ажлын хүрээнд Монгол, Чехийн хамтарсан багийнхан энэ чиглэлээр судалгаа хийхэд Нөмрөгийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орших Ар сүмийн хоолой дахь Өлзийтийн нуур орчим шаардлагад нийцжээ. БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил өнгөрсөн мягмар гарагт БОАЖ-ын сайдтай уулзаж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцохдоо уг судалгааны үр дүнг танилцуулсан аж. Ар сүмийн хоолой бол Хянганы нурууны ойт хээрээс Төв Азийн хуурай хээрт шилжих өөрчлөлтийн онцлогийг харуулсан, ховор амьтан, ургамлаар баялаг газар юм. Хэрэв тухайн бүсэд зэрлэг адуу нутагшуулбал манай орон тахь идээшдэг дөрвөн газартай болох нь. Одоогийн байдлаар Говийн их дархан цаазат газрын Б хэсэг, Хустайн байгалийн цогцолборт газар, Хомын талд 920 орчим тахь нутаглаж буй.