Засгийн газраас бага насны хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг хангах үүднээс нийслэлд үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн хэвшлийн 420 орчим цэцэрлэгт сар тутам хувьсах зардал олгодог. Ингэхдээ тухайн цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдийн тооноос хамаарч төсвөөс мөнгө хуваарилдаг аж. Гэтэл энэ мөнгө хүүхдэд биш, хувийн цэцэрлэг нэртэй, албан тушаалтнуудын танил талын байгуулсан хэдхэн аж ахуйн нэгжийн удирдлагын халаасанд орж байсныг хууль сахиулагчид илрүүлэн шалгаж эхэллээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Баянголд үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн цэцэрлэг, тус дүүргийн Төрийн сан, Боловсролын хэлтэст цагдаагийнхан нэгжлэг хийсэн байна. Улмаар “Монголын хүүхэд, хөгжлийн ордон” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Хишигбаяр, III-IV хорооллын эцэст байрлах Баянголын 96 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Б.Уртнасан нар төрөөс олгож байгаа хувьсах зардал, санхүүжилтийг тус дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Н.Батцэцэгтэй бүлэглэн хуурамч баримт ашиглан завшсан байж болзошгүйг илрүүлсэн аж. Тэднийг төсвөөс олгодог хувьсах зардлын 200 гаруй сая гаруй төгрөгийг завшсан гэдэг үндэслэлээр шалгаж эхэлсэн хэмээн Баянгол дүүргийн албаны эх сурвалжууд ч баталсан юм. Албан бус мэдээллээр хэрэгт холбогдон шалгуулж буй хүмүүсийн зарим нь хэд хэдэн цэцэрлэг ажиллуулж ашиг олж байсан бөгөөд тэдний дунд алтны орд газартай нөлөө бүхий эрхмүүд ч байгаа тухай мэдээлэл бий.