Сүүлийн үед Зэвсэгт хүчнийг тойрсон хэл ам, дуулиан шуугиан багагүй гарах болсон. Сьерра Леонд багийн захирагчаар яваад орлогчтойгоо зодолдож, цэргүүдээ чулуугаар шидсэн дэд хурандаа Д.Содномцогийг албанаас нь хална гэж байсан ч Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллуулах болсон. Энэ зодооны гол буруутныг ийнхүү авч үлдсэн атлаа хэд хэдэн хүнийг ажилд эргүүлэн авахыг даалгасан шүүхийн тогтоолыг ЗХЖШ-ын дарга үл ойшоож байгаа. Энэ мэт асуудлын араас бас нэг дуулиан дэгдэв.
Улаанбаатар хотын төвд шахам буюу Офицеруудын ордны зүүн талд байдаг Зэвсэгт хүчний 089 дүгээр ангиас 30 тн шатахуун дутжээ. Энэ асуудлыг БХЯ, ЗХЖШ-аас шалгахад тус ангийн удирдлага “Шатахууны сав цоорсноос хөрсөнд шингэчихэж” гэж тайлбарласан гэнэ. Улмаар ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлээр захирагчийн орлогчдоо арга хэм жээ авсан байна. Бидэнд олдсон мэдээллээр 089 дүгээр ангийнхан шатахуун хадгалдаг саваа хоёр ч удаа сэлгэж байрлуулсан юм байна. Энэ үед саванд цоорхой үүссэн нь мэдэгдээгүй аж. Тус ангид ажилладаг зарим хүн “Олон жил болж байгаа болохоор цоорсон байхыг үгүйсгэхгүй” гэж тайлбарлаж байв.
ЗХЖШ-ынхан болон 089 дүгээр ангийнхны хэлж буйгаар үнэхээр шатахууны сав цоорсон бол хөрсөнд их хэмжээний шатахуун шингэсэн байж таарна. Үүнийг саармагжуулах ажил тус ангид огт хийгдээгүй. Энэ нь Улаанбаатарын хөрсний бохирдолд ихээхэн “хувь нэмэр болж байгаа” байх гэдгийг эх сурвалж хэлж буй юм. 30 тн шатахуун гэдэг бага бус. Ийм хэмжээгээр шатахуун хөрсөнд шингээд байхад мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдээгүй гэж эх сурвалж нэмж хэллээ.