Баримлын шавраар хурдан хугацаанд хүссэнээ урладаг З.Мишээлтэй ярилцлаа. “Монгени” сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч түүний бүтээлийн үзэсгэлэнг маргааш буюу зургадугаар сарын 1-нд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд дэлгэх юм. Тус төвийнхөн “Манайд “Орфей” театрынхан “Мэлхий гүнж” хүүхдийн жүжгээ тоглоно. Мөн хүүхдийн баярт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээтэй. Тэгэхээр З.Мишээлийн баримлын 3D бүтээлийг маш олон хүүхдэд үзүүлэх боломж олдож буйд баяртай байна. Багачууд түүнээс ихийг суралцах байх” хэмээн олзуурхан хуваалцсан юм. Бид ийнхүү ярилцлаа.
-10 настай, Хэзээнээс баримлаар урлаж эхэлсэн бэ?
-Дөрвөн настайгаасаа. Аав, ээж хоёр ажилтай болохоор би гэртээ ганцаараа үлддэг байсан. Зурагтаар гадаадын янз бүрийн хүүхэлдэйн кино үзэхдээ дүрүүдийг нь дуурайлгаж хийж үздэг байсан. Гэхдээ сайн болдоггүй байсан л даа. Харин зургаан настайдаа хийсэн яагаан муур, цэнхэр нохой аятайхан болсон. Түүнээс хойш бүр дуртай болсон. Өнгөнүүдийг хооронд нь хольж хүссэн өнгөө гаргаж сурсан.
-Амьтдыг хүүхэлдэйн киноноос харсаар байгаад дүр төрхийг нь өөрийн болгочихдог юм байж. Хүмүүсийн төрхийг яаж донжийг нь илэрхийлж гаргадаг вэ?
-Холоос харсан юм уу, уулзаж байгаагүй хүмүүсийг дуурайлгах хэцүү. Чадахгүй байх. Харин ойроос харсан, ярих, инээхийг нь сонсож байсан бол зургийг нь хараад хийж болмоор. Жишээ нь, ятгачин Мөнх-Эрдэнэ эгчийн хөмсөг нь дээшээ чигтэй. Бас үс нь ямар вэ гэдгийг мэднэ. Нүд нь бас хийхэд амархан. Тийм болохоор болчихсон. Саяхан нэг дуучин эгчийг (Ардын жүжигчин А.Долгор) хийсэн. Цэнхэр, яагаан даашинз нь таалагдсан болохоор шууд л гаргаад ирсэн. Цэнхэр нь зүгээр цэнхэр биш, цагаантай хольсон өнгө байсан. Ягаан нь бас адилхан. Тэгэхээр нь би баримлын шавраар яг адилхан өнгө гаргасан.
-Ардын жүжигчин А.Долгор, ятгачин Мөнх-Эрдэнэ хоёрын баримлыг харахад царайных нь өнгө арай өөр юм уу даа?
-Тийм ээ. Баримлын шаварт арьсан өнгө байдаг. Гэхдээ хүмүүсийн царай бүгд адилхан биш болохоор тус тусад нь өнгө гаргаж хийдэг. Бордуу, цагаан, шаргалдуу царайтай гээд олон янзын хүн байдаг.
-Баримлын шавраар урлах эрдмийг цэцэрлэг, дугуйлан, сургуулийн аль алинд заалгаагүй гэсэн. Тэгсэн хэрнээ ийм гоёор хийгээд байдгийн учир юунд байна вэ?
-Мэдэхгүй. Манай багш намайг гарын мэдрэмж сайтай гэсэн. Би хүний нүүр царайг хийж чаддаггүй байсан юм. Хөл хорионы үеэр “Сувдаагийн урлан” гэдэг цахим хичээлийг нэлээд хэдэн удаа үзээд хүний царай, төрхийг яаж гаргадгийг сурсан. Тэгээд өмнө нь хийсэн юмнуудаа голсон. Хүмүүсийг жижигхэн толгойтой, бүдүүн хүзүүтэй болгодог байсан юм билээ.
-Гадаадын хүүхэлдэйн киноны баатруудыг голдуу хийдэг юм билээ. Ямар, ямар баатар урласан байна вэ?
-“Симба”, “Харри Поттер”, “Алиса гайхамшгийн оронд”, “Алладин”, “Алтан загасны үлгэр”, “Манжин”. Сүүлийн үед монгол үлгэрүүд уншиж байгаа.
-Шавар зөөлөн. Яаж тогтоодог юм бэ?
-Шүдний чигчлүүр ашигладаг. Арай томоор хийвэл шор мод хэрэг болох юм байна гэж өвөө, эмээ хоёр хэлдэг. Зарим хүүхдүүд их томоор хийдэг юм билээ. Би бол жижгээр гаргадаг. Манай дүү хоёр нас, зургаан сартай. Намайг дуурайгаад бас шавар зуураад байгаа болохоор хороох гээд байдаг юм. Заримдаа би чухал өнгийн шавруудаа нууж хэрэглэдэг болсон.
-Дүү нь тийм жаахан байж бас урлах нь ээ.
-Харин тийм ээ. Өвөө, эмээ, дүү бид дөрөв саяхан хөдөө явсан юм. Замын хажуугаар морь олон байсан л даа. Бүгдээрээ хараад ярилцаад явсан. Тэгтэл эмээгийн өвөр дээр шавраар тоглож байсан дүү маань адуу шиг толгойтой, сүүлтэй юм хийчихээд бидэнд харуулсан.
-Дүү нь урласныг чинь сүйтгэх гээд хэцүү юү?
-Үгүй. Манай дүү миний газраар өрчихсөн юмнуудыг аль болох гишгэхгүй гээд гэдийгээд явдаг.
-Ямар сүрхий юм бэ. Эгчийнхээ бүтээлийг хайрлаж байна шүү дээ.
-Өөрөө дуртай болохоор гишгэчихгүй юм сан гэж боддог байх даа.
-Танай ангийнхан чамайг гоёор урладаг гэж мэднэ биз дээ?
-Мэддэг. Манай ангийн нэг хүүхэд нохойныхоо зургийг явуулаад хийлгэсэн. Гоё болсон гээд, одоо хүртэл байлгаж байгаа гэсэн. Нээрэн, би эмээдээ хэлж амжаагүй байгаа юм байна. Өнөөдөр бас нэг хүүхэд телевизээр гардаг хүүхэлдэйн баатрыг хийгээд өгөөч гэж байна лээ.
-Хачин юм асуух уу. Хүүхдүүд чамаар юм хийлгээд мөнгө өгсөн үү?
-Өгсөн. Гурван мянган төгрөг өгөхөөр нь авчихсан. Гэртээ харих замдаа эмээдээ хэлсэн чинь дахиж мөнгө авч болохгүй гэсэн.
-Өдөртөө гэртээ даалгавраа хийнэ. Баримлаараа барина. Өөр юу хийдэг вэ?
-Зурагтаар, эсвэл гар утсаараа англи хэлээр кино үздэг.
-Англиар уу?
-Тийм ээ. Би монголоор бараг үздэггүй.
-Сайн ойлгох уу?
-Бүгдийг нь ойлгодог. Украины тухай ч сонсож байгаа. Зурагт үзэж байхдаа баримлаараа юм хийдэг. Залхуурахаараа босоод бүжиглэдэг. Балетад дуртай. Гэхдээ эмээгийн найз бүжигчин намайг балетаар яах юм бэ, ардын бүжгээр хичээллүүлээрэй гэсэн.
-Чи алийг нь хүсэж байна вэ?
-Одоогоор энэ талаар бодоогүй ээ. Хүмүүс намайг баримлаа бүү орхиорой гэдэг. Нэг удаа ээжийн найз нь “Наадах хүүхэд чинь нэг л өдөр Диснейд уригдана аа” гэж хэлсэн гэсэн.
-Үнэхээр дүрслэх урлагийн чиглэлээр мэргэжил эзэмшвэл сайн уран бүтээлч болох юм шиг санагдлаа.
-Харин. Мэдэхгүй л байна.
-Бусад хичээлдээ сонирхолтой юу?
-Тийм ч дуртай биш.
-Уран бүтээлийн үзэсгэлэн гаргах гэж байна. Хүүхдүүд олноороо ээж, аавтайгаа ирж бүтээлүүдийг чинь үзэх байх. Чи үе тэнгийн найзууддаа юу хэлэхийг хүсэж байна вэ?
-“Баримлын шавраар юм хийх гоё шүү. Та нар бас оролдоод үзээрэй” гэж хэлнэ.