“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн дарга Ц.Мөнхбаяр, “Онги гол” хөдөлгөөний гишүүн Н.Отгонбаатар, С.Самбуу-Ёндон, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн Г.Баяраа нар Сэлэнгэ болон Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн техник хэрэгсэл рүү буудсан хэргийг УМБГ-аас яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Дээрх дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч дөрөвдүгээр сард болж, Сонгинохайрхан дүүргийн шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан билээ. Тэд өнгөрсөн оны есдүгээр сард Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд “Пураам”, “Сентра гоулд” компанийн техник руу буудсан.
Энэ хэрэг нь шийдэгдээгүй байхад буюу өнгөрөгч зургадугаар сард Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд үйл ажиллагаа явуулж байсан “Гурван тамга” компанийн техник хэрэгсэл рүү буудсан хэргээр цагдан хоригдсон билээ. Тэд өдгөө батлан даалтад байгаа бөгөөд Улсын Дээд шүүхээс Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхний нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох хэргийг хэлэлцээд хууль хэрэгжүүлэх үүрэг гүйцэтгэх засаглалд өгсөн.
Харин энэ шийдвэрийн дараа тус хөдөлгөөнийхөн “Дээд шүүх манай талд шийдвэр гаргасан учраас бидэнд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой” гэж мэдэгдсэн юм. НПГ-аас дээрх хүмүүст холбогдох хүмүүсийн хоёр хэргийг нэгтгэн яллах дүгнэлт үйлдэж, удахгүй Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлэхээр болжээ.