Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг эм үйлдвэрлэдэг, борлуулдаг хоёр ч компани хууль бусаар эмийн сангуудад нийлүүлж, түүнийг нь иргэдэд худалдаж байсан хэрэг мандаж, шүүхээр шийдвэрлэсэн. “Моносфарм” трейд компанийн дэд захирал Л.Алтанцогт, “Эмийн үйлдвэр” компанийн захирал О.Дамба нар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх морфин, фенобарбитал, диазепам буюу седуксин, валиум, сибазоны шахмал эмийг хууль бусаар худалдаж байсан хэрэгт холбогдсон юм. Учир мэдэх хүмүүс Л.Алтанцогтыг “Монос”-ын удирдлага “золиосолсон” гэх юм билээ. Учир нь Л.Алтанцогт энэ хэрэгтээ гурван шатны шүүхээс албадан ажил хийх ялаар шийтгүүлсэн.
Харин О.Дамбад холбогдох хэрэг шүүхэд хянагдаж байгаа. Эм үйлдвэрлэгч нар ийнхүү хууль бус наймаа хийсэн нь илэрсэн бол саяхан мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх тариа худалдаж байсан хэргийг УМБГ-ын Хар тамхи, мансууруулах бо дис, хүн худалдаалах, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн илрүүллээ. Тус хэлтсийнхнээс энэ талаар тодруулахад “Шалгалт дөнгөж эхэлж байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хэрэгт нэгэн хувийн эмнэлгийн ажилтан холбогдсон” гэсэн юм. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх тариаг иргэдэд худалдаж байсан бөгөөд энэ хэрэгт улсын болон хувийн эмнэлгийн хоёр ч сувилагч холбогджээ.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын эрх бүхий нэгэн албан тушаалтнаас лавлахад, “ЭМЖЖ эмнэлгийн сувилагч Х.Э-д Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нө- лөөлөх эм, бэлдмэл, бодисыг бусдад удаа дараа борлуулсан” гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж байгаа. Түүнээс гадна УКТЭ-ийн сувилагч Н.Б-г дээрх үндэслэлээр мөн шалгаж эхэлсэн” гэлээ. Энэ талаар ЭМЖЖ эмнэлгийн захирал, гавьяат эмч Б.Эрдэнэчулуун “Цаг даагийн байгууллагаас албан тоот ирүүлж, сувилагч Э-д эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар мэдэгдсэн. Үүний дагуу бид дотооддоо шалгалт хийж, түүний борлуулсан гээд байгаа тариаг тоолж үзлээ. Энэ тариа маш нарийн хяналттай байдаг.
Манайхаас уг тариа алдсан, дутсан зүйл байхгүй. Сувилагч Э-д хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэсэн учир бид түүнтэй байгуулсан хө дөл мөрийн гэрээгээ цуцалсан. Учир нь хүний эрүүл мэнд, амь настай холбоотой, тангараг өргөсөн энэ ажилд ийм хүн ажиллуулах ёс зүй бидэнд байхгүй. Сувилагчаар ажиллаж байсан Э энэ тариаг хаанаас авч, хэнд нийлүүлж байсан, түүний гэм буруутай эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоох биз” гэлээ. Харин УКТЭ-ийн удирдлага энэ хэргийн талаар огт дуулаагүй гэсэн хариулт өгсөн юм. Бидэнд олдсон мэдээллээр дээрх сувилагч нар иргэдэд худалдаж байсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх та риаг нь фентанел гэдэг, мэс засал хийлгэх хүмүүст унтуулах зорилгоор хийдэг аж. Түүнийг бага тунгаар хийвэл мэс засал хийлгэж буй хүн сэрчихдэг, өндөр тунгаар таривал амиа алдахад хүрдэг юм байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар төвлөрсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт мэс засалд зориулж уг тариаг тусгай зөв шөөрлийн дагуу импортолдог юм байна. Энэ тусгай зөвшөөрлийг Монголд цөөхөн компани тухайлбал, “Эм импэкс” зэрэг байгууллага оруулж ирдэг аж. Уг тариа нь найрлагадаа хар тамхины төрлийн бодисын хольцтой юм байна. Фентанелийн үйлчилгээ нь морфиноос хэд дахин илүү. Тиймдээ ч мансууруулах бодист донтсон хүмүүс хууль бусаар олж аван хэрэглэдэг бололтой. Дээрх компанийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд нийлүүлдэг үнэ нь 4000-5000 төгрөг байдаг аж.
Харин сувилагч нар уг тариаг хэрэглэгчдэд тун (ампул)-г нь 10000-20000 төгрөгөөр худалдаж байсан гэнэ. ЭМЖЖ эмнэлгийн сувилагч асан Х.Э гэхэд 20 орчим хүнд удаа дараа худалдаж байсан гэнэ. УКТЭ-ийн сувилагч Н.Б ч ялгаагүй цөөнгүй хүнд худалджээ. Мөрдөн байцаалтын явцад тэд “Хүнд өвчин туссан, эсвэл хүнд гэмтэл шархтай хүмүүс өвчнөө намдаах гэсэн юм, морфин ч юм уу, түүнээс илүү тайвш руулах үйлчилгээтэй эм тариа олж өгч туслаач гэдэг. Тэдний гуйснаар олж өгч байсан” гэжээ.
Г.РАВЖАА