“Одкон холдинг” компанийн санхүүгийн өрөөнөөс байгууллагын нууцтай холбоотой бичиг баримт, 20 гаруй сая төгрөгтэй төмөр шүүгээг нь хулгайлсан хэрэг энэ сарын 18-нд гарчээ.
Энэ талаар тус компанийн ерөнхий нягтлан бодогч Г.Нандинцэцэгээс тодруулахад “Тэр өглөө ажилдаа очиход манай өрөөний цонх онгорхой, доторх зүйл эмх замбараагүй болчихсон байсан. Тэгээд шүүгээ алга болсон байхаар нь цагдаад мэдэгдсэн. Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, дэслэгч Г.Анараар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөж, 24 цагийн дотор илрүүлсэн. Цагдаагийн байгууллага ийм шуурхай ажилласанд манай хамт олон их баярлаж байгаа” гэв.
Энэ хэргийг үйлдсэн бүлэг этгээд урьд нь тус байгууллагаар үйлчлүүлж байсан, зүс таних хүмүүс гэнэ. Харин хулгайч нарыг барих үед тэд шүүгээг эвдэж, доторх мөнгөнийх нь 20 орчим хувийг авсан, татварын тайлан болон бусад бичиг баримтыг шатаасан байжээ.
Б.ДЭЛГЭРХИШИГ