Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт манай залуус холбогдож, тэр дундаа олны танил хүмүүс энэ төрлийн хэргээр ял шийтгүүлсэн нь цөөнгүй. Хар тамхи, мансууруулах бодис зөөвөрлөсөн хэргээр ял шийтгүүлсэн ди-жей Өөжий буюу О.Ганболд дахин ийм хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
“Мөнхбаяр намайг хорлож хар тамхи хийсэн”
О.Ганболд энэ оны тавдугаар сарын 18- нд БНХАУ-ын Эрээний хилийн боомтоор орж ирэхдээ 604 грамм гашиш авч ирсэн юм. Түүнийг нь цагдаа, гаалийн ажилтнууд илрүүлж, улмаар УМБГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлсэн билээ. Тэрбээр Чингэлтэй дүүргийн шүүхэд хэргийг нь хянан хэлэлцэх үеэр “Цүнхнээс гарсан зүйл бол минийх биш гэдгийг хэлье. Бид ажлаар БНХАУ руу явж, захирал онгоцоор буцаж, Мөнхбаяр бид автобусаар Эрээнд ирсэн. Энэ үед мөнгө дуусаж, тамхины ч мөнгөгүй болсон. Миний тамхи дууссан учир би Хятадын хилээр орохын өмнө машинаас бууж, хүнээс тамхи авч татсан. Ч.Мөнхбаяр хэл мэдэхгүй учир хилээр орох бичиг баримтыг нь би бөглөж өгсөн юм.
Намайг хилийн шалган нэвтрүүлэх албаны хүн шалгана гээд нэгэн өрөөнд дагуулж ороход Ч.Мөнхбаяр сууж байсан. Би өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан болохоор ямар шалгалт хийх гэж байгааг ойлгосон. Намайг цүнхээ онгойлгоход хятад тамхины хайрцаг байсан. Би ямар ч мөнгөгүй, тамхи дуусчихсан байсан болохоор цүнхэнд тамхины хайрцаг байхаар нь гайхсан. Тэндээ хүлээлгэнд хоноод маргааш нь галт тэргээр Улаанбаатарт ирэхэд Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд тосож, “Мэдээллийн дагуу шалгаж байна, чи өмнө нь энэ гэмт хэрэгт холбогдож байсан, Ч.Мөнхбаяр шинэ үеийн хэрэглэгч, хаана ажилладаг, хэнтэй найзалдаг гэдгийг нь мэднэ” гэсэн.
Би “Доргио” клубийн захирал Нямжавын санал болгосноор тус клубт ажилд орж, тоног төхөөрөмжийн тооллого хийхэд маш их дутсан. Үүнээс болж цахилгаанчин Баярааг ажлаас нь халсан юм. Ч.Мөнхбаяр, Баяраа нар дотно найз. Баяраа надад хонзон санаж, Мөнхбаяр Хятадад явахдаа надтай байнга хэрүүл хийж муудалцаж байсан. Ч.Мөнхбаяр намайг хорлож нэг грамм ч хүрэхгүй, өмнө нь хэрэглэж байсан хар тамхины үлдэгдэл 0.6 граммыг миний цүнхэнд хийсэн гэж бодож байна. Клубийн үйл ажиллагаанаас зайлуулах гэж ийм хэрэгт холбогдуулсан” гэж тайлбарлажээ.
“Нүдний шилтэй залуугийн цүнхнээс бор өнгийн бодис гарсан”
Харин гэрч С.Ганбаатар “2011 оны тавдугаар сарын 18-нд Замын-Үүдийн цагдаагийн ажилтнууд хилээр нэвтэрч байсан хоёр зорчигчид шалгалт хийх зорилгоор манай ажлын өрөөнд оруулж ирсэн. Уг хоёр залуугийн биед болон авч явсан ачаанд үзлэг хийхэд нэг залуугийнх нь барьж байсан цүнхэн доторх тамхины хайрцагнаас гялгар ууттай, жижигхэн бор өнгийн зүйл гарч ирсэн. Гаалийн лабораторийн байцаагч Намхайцэрэн, Цогзолмаа нарыг дуудаж зорчигчийн ачаанаас гарсан зүйлд шинжилгээ хийсэн. Онигордуу нүдтэй, нүдний шил зүүсэн залуу хар өнгийн дөрвөлжин хэлбэртэй цүнх үүрсэн байсан. Өөрөөр нь эд зүйлсийг цүнхнээс гаргуулж ширээн дээр тавьж шалгасан. Цагдаагийн ажилтан цүнхтэй эд зүйлс дотор байсан тамхины хайрцгийг нээж үзэхэд гялгар ууттай, бор өнгийн зүйл гарч ирсэн” гэж мэдүүлсэн байна.
Харин шинжээч нар мэдүүлэгтээ “2011 оны тавдугаар сарын 18-нд Хар тамхи илрүүлэх тестер аваад хилийн цогцолборт ир гэж Мөнхбат даргыг дуудахад ахлах шинжээч Намхайцэрэн бид хоёр очсон. Тэнд цагдаагийн ажилтнууд болон Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх албаныхан шалгалт хийж, хоёр зорчигчийг шалгаж байсан. Цагдаагийнхан “шинжилгээ хийлгэе” гээд гялгар ууттай, бор өнгийн баримлын шавар шиг зүйл үзүүлсэн. Улмаар уг хоёр залууг дагуулаад шинжилгээ хийлгэх зүйлийн хамт лабораторид дагуулж ирсэн. Би зорчигчдод харуулж байгаад шинжилгээ хийлгэх зүйлийг аналитик жин дээр тавьж жигнэхэд 0.604 грамм хэмжээтэй байсан. Дараа нь “Unskan500DT” гэдэг анхан шатны шинжилгээ хийх зориулалттай багажийг асааж арчдас авч шинжилгээ хийхэд уг баримлын шавар шиг зүйлээс “ТНС” буюу тетрагидроканнабинол төрлийн бодис илэрч, анхан шатны шинжилгээний дүн, тодорхойлолтыг бичиж өгсөн. Шинжилгээгээр илэрсэн бодис нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй бодис байсан” гэжээ.
Ди-жей Өөжийгийн найз бүсгүй Ч.Мөнхбаярыг дарамталсан гэв үү
“Ди-жей” Өөжий буюу О.Ганболдтой хамт БНХАУ руу явж, улмаар уг хэрэгт сэжиглэгдэн шалгуулж байсан Ч.Мөнхбаярын эхнэр Б.Энхмаа шүүх хурлын үеэр гэрчээр тайлбар өгчээ. Тэрбээр “Манай нөхөр энэ хэрэгт холбогдож хоригдсоныг би мэдээгүй. Нэг өдөр О.Ганболдын найз бүсгүй уулзъя, уулзаж байгаад ярилцъя” гэж утсаар ярьсан. Төд удалгүй манай гэрт нэг залуутай ирсэн. Тэр залуу орчуулагч, хууль зүйн зөвлөгөө өгдөг гэсэн үнэмлэх үзүүлээд Мөнхбаярыг хар тамхины хэрэгт шалгуулж байгаа гэдгийг хэлсэн. Тэрбээр “Бид хэд хэдэн өмгөөлөгчтэй зөвлөж байгаад ийм арга оллоо. О.Ганболд урьд нь хар тамхины хэргээр ял шийтгүүлсэн учраас одоо хүнд ял авна. Ч.Мөнхбаяр бага насны хүүхэдтэй, ял шийтгэлгүй болохоор боломж байна. Бидэнд таньдаг шүүгч байгаа, Түүнийг ашиглаад үйл явдал болохоос өмнө та нарыг гэр бүлээ цуцлуулсан мэт материал бүрдүүлж, Мөнхбаярт нэг хүүхдийг чинь үлдээнэ. Тэгээд өрх толгойлсон эцэг болохоор ялыг нь хойшлуулдаг, сайн өмгөөлөгч дундаа авъя” гэсэн. Би тийм зүйл мэдэхгүй гээд зөвшөөрөөгүй.
Саяхан манай нөхрийг батлан даалтад гарсны дараа О.Ганболдын найз бүсгүй манай нөхрийг яриулаач гэж утсаар ярьсан. Миний утас эвдрээд ярьж болохгүй байгаагаа мессежээр хариу өгтөл өөдөөс 8800…. дугаарын утаснаас “Мөнхбаярыг яриулаад өг” гэж мессеж бичсэн. Би “Мөнхбаяр байхгүй, өөртэй чинь юу ярих вэ дээ” гэтэл “Мөнхбаярт хүн чанар байдаг бол зүгээр уулзъя. Сэтгэл гаргаж байхад яагаад ингэж байгаа юм бэ, гомдмоор юм гэж дамжуулаарай. Мөнхбаяртай зүгээр ярилцаж зөвлөлдөх гэсэн юм. Тэгээд боломжгүй бол яая гэхэв, хам хэргээр шоронд нь оруулъя даа, бидэнд тийм боломж байгаа” гэсэн мессеж явуулсан” гэжээ. Харин О.Ганболдын аав С.Одон “Монгол, Америкийн хамтарсан сургуульд суралцаж байхдаа мормон шашин шүтэж цай, кофе уухгүй, буцалсан ус уудаг болсон. Хавайгаас ирээд мормон шашнаас гарч шар айраг уудаг болсон. Америкт суралцаж байхдаа элдэв муу зуршилгүй байснаа Монголд ирээд багаасаа хөгжим сонирхдог байсан сонирхолдоо хөтлөгдөж ди-жей хийж эхэлснээс хойш архи, тамхи хэрэглэдэг болсон. Хар тамхитай холбоотой хэргээр шалгагдаж байсан.
Шоронгоос гараад нэг жил болж байна. Дахиад хэрэг зөрчилд холбогдов гэж маш их захисан. Эхнэр, бид хоёр байнга сануулж хэлдэг байсан” гэж хэлжээ. Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч М.Болормаа, Б.Зориг, улсын яллагч Г.Мижиддорж болон шүүгдэгч О.Ганболд, түүний өмгөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй явуулсан шүүх хурлаас шүүгдэгч О.Ганболд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны дөрөвдүгээр сарын 30-ны 176 дугаар шийтгэх тогтоолоор онц хүнд гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлалаар хорих ялаас хугацааны өмнө суллагдсан боловч ялтай байх хугацаандаа дахин онц хүнд гэмт хэрэг үйлдсэн тул шүүгдэгчийг “Хар тамхи, мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх” гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгчийн “Хамт явсан Ч.Мөнхбаяр өөрийнхөө найзыг ажлаас халсанд хонзон санаж миний цүнхэнд хэрэглэж байсан хар тамхины үлдэгдлээ хийсэн” гэх мэдүүлэг мөрдөн байцаалтаар Ч.Мөнхбаярын үйлдэл оролцоог шалгаж энэ хэрэгт холбогдолгүй болохыг тогтоосон прокурорын тогтоол, мэдээллийн дагуу үзлэг хийхэд шүүгдэгчийн хар өнгийн цүнхэнд байсан “Eight” гэсэн нэртэй хятад тамхины хайрцагнаас гарсан зэргээр няцаагдаж байна. Тиймээс О.Ганболдыг давтан үйлдлээр хар тамхи хил нэвтрүүлсэн гэм буруутайд тооцож, 12 жилийн хугацаагаар чанга дэглэмтэй ангид хорих, Онц аюултай гэмт хэрэгтэнд тооцсугай” хэмээн дурджээ.
Г.РАВЖАА