Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга 16 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 78.8 хувьтай биелжээ. Тухайлбал, нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх үүрэг өгсөн.
Энэ хүрээнд 3900 иргэн, аж ахуйн нэгж 263.13 тонн хог хаягдлыг зөөн тээвэрлэжээ. Мөн хүүхдийн 522 тоглоомын талбайг угааж цэвэрлэн, 187 талбайг засаж сайжруулсан байна. Түүнчлэн 2199 золбин нохой, муурыг устгажээ. 10 гаруй хоногийн хугацаанд 403 гарааш буулгахаар төлөвлөснөөс 246 гарааш чөлөөлж, 20 мянган метр урт хашаа, хайс буулгахаар төлөвлөснөөс 23 хашаа чөлөөлжээ.
Түүнчлэн хотын дарга Соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн парк, Төв цэнгэлдэх хүрээлэнг олон улсын стандартын дагуу зүлэгжүүлэх, тохижуулах ажлуудаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгов.