Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдсон УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнд хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар НПГ-аас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-1 дэх хэсгийн “Яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах прокурорын саналыг үндэслэн Н.Алтанхуягт холбогдуулан гаргасан хэсгийг өнгөрсөн баасан гарагт хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Хөгжлийн банкнаас “Хөтөл”, “Кью си эс” компанид зээл олгосон асуудалд буруутгаж буй бөгөөд түүнтэй хамт Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан “Фортуна” хэмээх Н.Батбаярыг яллагдагчаар татаад байсан юм. Тэдэнд хилийн хориг тавих тухай прокурорын саналыг шүүх хэлэлцээд яллагдагч Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт 2022 оны тавдугаар сарын 27-ноос тооцон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.
Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах прокурорын саналыг хэлэлцэх хурал өнөөдөр 11.00 цагт тус шүүхэд болохоор товлосон бол Г.Амартүвшин хилээр гарч яваад маргааш ирэхээр мэдэгдсэнтэй холбоотойгоор хурлыг нь жичид нь зарлахаар болжээ.