Зуслангийн чиглэлүүдэд зургадугаар сарын 1-нээс нийтийн тээврийн автобус нэмэлтээр явуулдаг. Амралт, зугаалгын үе эхэлж, иргэд зусландаа гардаг учраас ийнхүү шийдвэрлэдэг билээ. Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хуваарийг өмнөх жилүүдэд тавдугаар сарын 25 гэхэд гаргадаг байв. Тэгвэл энэ жил өдий хүртэл хуваарь гаргаагүй л байгаа юм. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас энэ талаар тодруулахад “Аж ахуйн нэгжүүдэд автобус хомс, жолооч хүрэлцэхгүй байна. Үүнтэй холбоотойгоор зуслангуудын чиглэлд үйлчлэх байгууллага олдохгүй байгаа. Ирэх сарын 1 гэхэд тодорхой болгохын төлөө ажиллаж буй” гэв. Түүнчлэн иргэдийн зүгээс “Шаргаморьтын чиглэлийн автобус цагтаа явахгүй, маш удаан хүлээлгэж байна” гэж байсан юм. Энэ талаар Нийтийн тээврийн газрынханд дуулгаж, учрыг лавлахад “Энэ чиглэлд 12 автобус явуулдаг. Гэтэл сүүлийн үед олон нийтийн зүгээс гомдол олонтоо ирэх болсон нь “Эрдэм транс”-ын үйлчилгээ доголдолтойг харуулж байна. Үүнийг хянаж шалгуулна” гэсэн хариу өгөв.