Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өв соёлоо эрхэмлэдэг монголчууд хүлээн зөвшөөрч болохгүй заалтууд оруулсныг эсэргүүцэж буйгаа Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооныхон өчигдөр илэрхийллээ. Энэ тухай зөвхөн хэвлэлийн бага хурлаар мэдэгдэх нь хангалтгүй тул ирэх сарын 6-нд нийслэлд морьтой жагсаал зохион байгуулж тэмцэх гэнэ. Үндэсний морин уралдаанаа эрлийз, хурлийз адуутай хольж хутгалгүй, ёс, уламжлал, хуулийн дагуу явуулахын оронд гадаадаас элдэв үүлдрийн морь, түүнийг дагуулж малын, зарим нь хүнд халдварладаг өвчин импортлогчдын эрх ашгийг эн тэргүүнд тавьсан заалтуудыг хуулийн төслөөс хасахыг тэд шаардаж буй аж. Тухайлбал, “Хурдан морины уралдааныг монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн нийт зургаан насны ангиллаар зохион байгуулна” гэж хуулийн төсөлд тусгажээ. Уг заалтын “стандартад нийцсэн морийг” гэсэн гурван үгийг хасах ёстой гэж дээрх холбооныхон хэлэв. Үндэслэлийг тайлбарлахдаа “ХХААХҮЯ, Стандартчилал, хэмжил зүйн газар нь хууль тогтоогчоос илүү эрх эдэлж буйгаас монгол үүлдрийн адууны стандарт нь монгол адуугаа тодорхойлж чадахгүйд хүрсэн. Монгол үүлдрийн адууны стандарт баталчихаад байхад 2014 онд хууль зөрчин хурдан морины стандарт гэж гаргаж ирсэн нь өдий хүртэл байдаг. Салбарын яам, холбогдох газруудаас хүчингүй болгохыг шаарддаг ч биелүүлдэггүй. Тэгээд ч шинжлэх ухааны хувьд амьд бие, организмыг стандартчилж болдоггүй. Стандарт гэдэг нь хувьсан өөрчлөгддөггүй объектод хамаарах, тодорхойлох тухай ойлголт юм. Тиймээс уг заалтыг “Монгол үүлдрийн адуу уралдуулж зохион байгуулна” гэж өөрчлөх нь зүйтэй. Монгол адууг монгол наадамд уралдуулах эрхийг баталгаажуулахад уг томьёолол тохирно” гэж тус холбооныхон үзэж байна.
Мөн хуулийн төслийн олон заалтад морийг гэдэг үг оруулсныг монгол адууг гэж өөрчлөх нь зөв гэлээ. Бас хурдан морины уралдаан гэснийг үндэсний морин уралдаан гэх нь зөв гэв. Учир нь баяр наадмын бусад төрлийн тухайд үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, үндэсний шагайн харваа гэж хуульчилж байгаа тул адилхан тодотгох ёстой хэмээн үзэж буй аж. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Монгол үүлдрийн адууны болон хурдан морины стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах хүртэлх хугацаанд үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морийг зохион байгуулах хорооноос баталсан журмаар зохицуулна” гэж заажээ. Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооныхон энэ заалтыг бүхэлд нь хасах ёстой гэж үзэж байна. Ийнхүү хуульчлах нь гадаадаас өндөр үнээр, “хүчин чадал” сайтай морь авчирч монгол наадамд уралдуулснаар наадмын мөн чанарын нэгээхэн бүрэлдэхүүн хэсэг болсон малчид, уяачдын, наадамчдын ч эрх ашгийг зөрчинө. Улмаар хүн төрөлхтний соёлын өвд бүртгэсэн монгол наадмын учир утгыг алдагдуулдаг морины наймаачид, тэднийг хөөргөн дэвэргэгсдийг хуулиар дэмжих нь төр, түмний эсрэг үйл ажиллагаа ч гэлээ. Тэр тусмаа хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахлан, УИХ-д өргөн барьсныг ёс бус агаад увайгүй үйлдэл хэмээлээ.