Иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж Булган, Төв, Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийг Онцгой байдлын алба хаагчид болон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Бугат сумд энэ сарын 22-нд ойн түймэр гарсан бөгөөд онцгой байдлын алба хаагчид 05.25-ны өдрийн 10:01 цагт цурамд оруулсан гэнэ. Тус түймрийг одоо бүрэн унтраахаар ажиллаж буй.
Төв аймгийн Мөнгөнморьт сумд “Минжийн Хангай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 312 км, сумын төвөөс хойд зүгт 122 км/-т Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн дагуу ойн түймэр хил давж орж ирсэн тухай дуудлагыг 19:11 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Батширээт сумын зааг Минжийн хангайд ОХУ-ын талаас хил давж орж ирсэн ойн түймэрт агаараас тандалт хийх, түймрийн зураглал гаргах, Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг түймрийн голомтод тээвэрлэн хүргэхээр 05.26-ны өдрийн 07:36 цагаас эхлэн 19:46 цагт хүртэл нийт 9 удаагийн нислэгийг үйлдсэн. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид мөн өдрийн 05.27-ны өдрийн 03:10 цагт Төв аймгийн Мөнгөнморьт суманд очсон. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин 2 дугаар багийн Хонгорын нуруу, Гурван булаг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 115 км, сумын төвөөс зүүн зүгт 35 км/-т Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн мэдээллийг 05.26-ны өдрийн 14:14 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, тус сумын 1 дүгээр баг, “Сэлэнгэ буудай” ХХК-ийн ажилтнууд ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.