Эрүүл мэндийн салбарын удирдах хэд хэдэн албан тушаал хашиж байсан, өдгөө Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлдэг “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагч А.Мөнхтайваныг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан албадан саатуулсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн.
Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон цагдан хорих санал НПГ-аас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг өчигдөр хэлэлцлээ. ЭМСХХ төслийн зохицуулагч А.Мөнхтайваныг цагдан хорих үндэслэлээ прокурорын байгууллагаас “Дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй тухай үндэслэл бүхий мэдээлэл байгаа” гэж шүүхэд танилцуулсан аж. Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй гэж дүгнэн түүнийг өчигдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тэрбээр 2017 оноос хойш хэрэгжүүлсэн төслийн гүйцэтгэгч аж ахуйн нэгжийнхнээс 2018 оны өвөл хахууль авч, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хамаарал бүхий компанийн дансанд эхнэрийнхээ нэрээр шилжүүлсэн гэх үйлдэлд холбогдсон юм байна.