Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулан, 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн “нэмэх даатгал” нэрээр иргэдийн мөнгийг татан төвлөрүүлж, залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байсан “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудыг цагдаагийнхан шалгаж буй. МБА-ны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, хошууч Ц.Отгонням энэ төрлийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулахдаа тус компанийнхны удирдлагын холбогдсон үйлдэл ямар шатанд буйг мэдээллээ. Тэрбээр “Бэлтэс мөрөн” компани нь иргэдтэй хамтран ажиллах, санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, мөнгө авч, тухайн иргэний мөнгийг нэг сарын дотор 30 хүртэл хувиар өсгөн буцааж өгдөг үйл ажиллагаа явуулж байсан. Тэдний явуулж байсан үйл ажиллагааг Монгол Улсад зөвшөөрөөгүй, тусгай зөвшөөрөл аваагүй, Санхүүгийн зохицуулах хорооноос хууль бус үйл ажиллагаа гэдгийг нь олон нийтэд сэрэмжлүүлсэн бичиг гаргасан. Ийнхүү хориглосон атал үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 15 мянга орчим иргэн “Бэлтэс мөрөн” компанид мөнгөө өгөөд 12 мянга нь тодорхой хэмжээний ногдол ашигтайгаар мөнгөө буцааж авсан. Гурван мянга орчим иргэн мөнгөө авч чадаагүй хохирсон нь тодорхой болж байгаа. Хэрэгт холбогдуулан тус компанийн захирал, гүйцэтгэх захирал, тэдний хамаарал бүхий хүн Б, Г, П, У, Н гэсэн таван иргэнийг яллагдагчаар татаж, улсын хилээр гарахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэсэн юм.
Бэлтгэсэн: Г.Орчлон