Тавдугаар сарын 28-нд нийслэл Улаанбаатар хотод олон улсын гүйлтийн “Улаанбаатар марафон-2022” болно. Энэхүү марафоныг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд цар тахлын улмаас хоёр жил завсарлаж, энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй юм.
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн А.Намуун тус тэмцээний талаар дараах мэдээллийг өглөө. Тодруулбал,
"Энэ жилийн хувьд мөн 30 мянга орчим хүн оролцоно гэж тооцоолж байна. Марафоны бүртгэл тавдугаар сарын 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ. 10 км, 21 км, 42 км-т гүйх оролцогчдын амжилтыг олон улсын жишгээр автомат чипээр тодорхойлно. Мөн энэ жил Кени, Казакстан Улсын өндөр зэрэглэлтэй тамирчдаас гадна Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яам, Консулын газрын төлөөллүүд бүртгүүлээд байна. ОХУ, Энэтхэг, БНХАУ, БНСУ гэхчлэн 15 улсын 80 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн. Тэр дундаа бүтэн марафоны төрөлд Кени, Казакстан улсаас тус бүр хоёр мэргэжлийн тамирчин оролцохоор урилга авч, визээ гаргуулаад манай улсыг зорин ирж байгаа.
Зай, маршрутын тухайд 42 км-ийн бүтэн, 21 км-ийн хагас марафон, 10 км-ийн марафонд 18-аас дээш, 18-34, 35-54, 55-аас дээш гэсэн насны ангиллаар явагдана. Мөн 10 км-ын марафонд 18-аас дээш насныхан, 5 км-т 12-17, 18-аас дээш насныхан оролцох боломжтой. Энэхүү эрүүл мэндийн гүйлтэд манай марафонд оролцогчдын дийлэнх олонх нь оролцдог. Дээрээс нь 1500 метрийн гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын гараа бас бий" гэлээ.