Нийслэлийн прокуророос Д.Монголхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Монголхүүд холбогдох хэргийг 2022 оны тавдугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцлээ. Улмаар шүүгдэгчийг “2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Жанжин Сүхбаатарын нэрэмжит” талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан хаагчдыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдууллаа. Уг ялыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоон шийдвэрлэсэн байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар