УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын болон Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хамтарсан хурал өчигдөр боллоо. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо агаарын бохирдолтой тэмцэх чиглэлээр 2024 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа энэ үеэр танилцуулав. Юуны түрүүнд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх технологийг сайжруулах, гэр хорооллын айлуудын зуухыг стандартад нийцүүлэх, угаарын хийг ионжуулан шүүх төхөөрөмжийг янданд суурилуулах зэрэг ажил хийх нь. Мөн Улаанбаатар хотын салхины урсгалын дээд хэсэгт оршин суудаг айлуудыг цахилгаан болон хийн халаагуурын хэрэглээнд үе шаттайгаар шилжүүлэхээр төлөвлөжээ. Үйлдвэрлэл, үйл ажиллагааны онцлогоос хамааран өдгөө түүхий нүүрс түлсээр буй 182 аж ахуйн нэгжийн түлшний эх үүсвэрийг солих гэнэ. Түүнчлэн авто бензин, дизель түлшний онцгой албан татварыг экологийн ангилалтай уялдуулан ялгавартай тогтоох, нийтийн тээврийн шинэчлэл, дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр хамруулсан Налайх дүүргийн 25 мянга орчим өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах юм байна. Эдгээр ажлыг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэж мэргэжилтнүүд онцоллоо.