Төрийн аудитын болон Төсвийн тухай хуульд заасны дагуу нийслэлийн 2021 оны санхүүгийн нэгдсэн тайлан болон төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. Өнгөрсөн оны сүүлчийн өдрөөр нэгтгэсэн санхүүгийн байдал, үр дүн, цэвэр хөрөнгө, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлангаар нийслэл хот “зөрчилгүй” дүгнэлт авсан байна. Харин 30 гаруй газар “хязгаарлалттай”, нэг байгууллага “сөрөг” гэсэн дүгнэлттэй аж. Өнгөрсөн онд нийслэлийн нэгдсэн төсвийн гүйцэтгэл сайн бүрдсэн бөгөөд татварын орлого давж биелжээ. Харин ОНӨААТҮГ-уудын өр төлбөрийг анхаарах шаардлагатайг М.Эрдэнэжаргал дарга санууллаа.
Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Өнгөрсөн жилүүдэд цар тахлаас үүдэн төсвийн орлогыг бүрүүлэхэд хүнд байсан. Харин нийслэлийн төсөв харьцангуй эерэг гарлаа. Гэсэн хэдий ч орлого хумигдаж, бараа эргэлт хязгаарлагдаж байгааг анхаарах хэрэгтэй. Нийслэлийн хувьд орлогын дийлэнх нь буюу 70 орчим хувийг ХХОАТ-аас бүрдүүлдэг. Ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгж, иргэдийг орлоготой болгоход хэрхэн дэмжих вэ гэдэг нь чухал” гэв. Улмаар нийслэл үргүй зардлаа багасгах, ялангуяа нийслэлийн өмчит болон ОНӨААТҮГ-уудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийхээ онцолсон. Нийслэл хот төрийн үйлчилгээг түргэн шуурхай, бага зардлаар, ил тод, цахимаар үзүүлэх ажлыг эрчимтэй хийж буйг дурдаад, шаардлагагүй албан тушаал, орон тоог эргэж харах, тэвчиж болох зардлуудаа хэмнэхтэй холбоотой гарч буй хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг хангахад аудитын байгууллагатай хамтран ажиллана хэмээв.