“Хар сарнай” хамтлагийн дуучин Маадай буюу Б.Баяржаргалын эзэмшлийн “Нэкст стар” компанийн караоке баар энэ оны хоёрдугаар сард цар тахлын улмаас хөл хорионы дэглэм үйлчилж байхад цаг хэтрүүлэн ажилласан учраас Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Зөрчлийн тухай хуулийн 5.13-2 дахь хэсэгт “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Цагдаагийнхан энэ заалтын дагуу караоке баарыг нь торгосон бол өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх зөрчилд холбогдогч “Нэкст стар” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн бичсэн давж заалдах гомдлыг хэлэлцээд баарыг бус, “Нэкст стар” компанийг нь таван сая төгрөгөөр торгох нь зүйтэй гэж үзжээ.