Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ийн Сургалт, судалгаа, гадаад харилцааны албаны дарга асан О.Баярсайханыг эрх мэдлээ урвуулсан үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ. Улмаар НПГ-аас түүнд яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр шилжүүлсэн байна. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглан эмч нарын төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын төлбөрийг номын санч М гэх хүний дансанд хадгалж байгаад авч үрэгдүүлсэн хэрэгт холбогдсон аж. Тодруулбал, УХТЭ-т өнгөрсөн оны едүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 30 хүртэлх хугацаанд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтад 86 эмч хамрагджээ. Тэдний сургалтын төлбөрт 101.3, бусад төлбөрт 11.7 сая гаруй төгрөг цугларсан гэнэ.
Харин УХТЭ-ийн Сургалт, судалгаа, гадаад харилцааны албаны дарга асан О.Баярсайхан тус эмнэлгийн номын санч М-д дээрх 113 сая гаруй төгрөгийг дансанд хураан авах үүрэг чиглэл өгч, хураалгасан аж. Уг мөнгөнөөсөө 31.3 саяыг нь М-аас бэлнээр авч “Алтан бумба” санхүүгийн нэгдлийн барьцаанд тавиад байсан 9911... дугаарынхаа зээлийн төлбөрт дийлэнх хэсгийг нь өгчээ. Харин үлдсэн нэг сая төгрөгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулсныг АТГ-ынхан шалгалтаараа тогтоосон аж. Уг нь Сангийн сайдын тушаалаар баталсан Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журамд “Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаа (бусад орлого)-наас орох орлогыг мөнгөн кассанд бэлнээр хүлээн авч энэхүү орлогыг ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана” гэж заасан. Мөн дээрх эмнэлгийн ерөнхий захирлын бэлэн ба бэлэн бус төлбөр тооцооны журам батлах тухай тушаал, түүний хавсралтад “Тус эмнэлгийн үндсэн ба туслах үйл ажиллагаа (бусад орлого)-наас орох орлогыг нэг цэгийн үйлчилгээ (сувилагчийн пост), байгууллагын кассанд бэлнээр хүлээн авч, тухайн ажлын өдөр дуусахаас өмнө кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана” гэж заасан атал УХТЭ-ийн Сургалт, судалгаа, гадаад харилцааны албаны дарга нь ийнхүү зөрчиж, өөртөө давуу байдал бий болгосон аж.