Өнгөрсөн амралтын өдрүүдэд хэд хэдэн ноцтой хэрэг бүртгэгдсэн байна. Сэрэмжлүүлэх үүднээс зарим хэргийг мэдээлье.
Бусдын утсыг дээрэмджээ
Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудлын өрөөнд манай дүүг хүмүүс зодоод утсыг нь авсан байна” гэсэн мэдээллийг тавдугаар сарын 22-ны өдрийн 23:15 цагт шалгахад Сүхбаатар дүүрэгт оршин суух 21 настай, эрэгтэй “Ө” гэгчийг 21 настай, эрэгтэй “Ц” нь бусадтай бүлэглэн зодож IPhone 6S загварын гар утсыг дээрэмдсэн хэргийг жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай шалгаж, илрүүлсэн хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Согтуурсан үедээ хүүхдэд жолоо шилжүүлснээс ноцтой осол гарч, хоёр хүний амь эрсдэв
Баянхонгор аймаг Галуут сумын нутаг дэвсгэрт авто машин онхолдож хоёр хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг тавдугаар сарын 22-ны өдрийн 16.40 цагт иржээ. Мэдээллийг шалгахад тус сумын нутаг дэвсгэрт “Toyota Prius-11" маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, уг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоодож явсан 16 настай, эрэгтэй “М”, зорчигч тус аймгийн Баянхонгор суманд оршин суух 46 настай, эрэгтэй “Э” нарын амь нас хохирч, зорчигч 2-12 насны 3 хүүхэд, 37-68 насны 2 нийт 5 хүн гэмтсэн байжээ. Уг харамсалтай хэрэгт Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Урьдчилсан байдлаар иргэн О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хүүхдэд жолоо шилжүүлсэн, хүн тээвэрлэх журам зөрчсөн байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Эгийн голд осолдсон иргэнийг хайж байна
Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 16:20 цагт Булган аймгийн “Тэшиг сумын нутаг Эгийн голд хүн усанд живж алга болсон” гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад нийт 11 хүн Эгийн голын нэг эргээс нөгөө эрэг рүү завиар гарч явахад шланг усанд унаж, шлангыг авахаар 31 настай, эрэгтэй “Ц” гэгч нь тус гол руу орж гарч ирээгүй тул Аймгийн онцгой комиссоос эрлийн баг гарч, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Бага насны 2 хүүхэд тогтоол усанд живжээ
Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 20.00 цагт "Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт бага насны 2 хүүхэд тогтоол усанд живж нас барсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус суманд оршин суух 6 настай, эрэгтэй “Т”, 7 настай, эрэгтэй “Э” нар нь тогтоол усанд живж нас барсан хэргийг шалгаж байна. Шалгалтын явцад 1 мерт 40 сантиметрийн гүнтэй байгалийн тогтоол усанд хүүхдүүд тоглохоор орсон байдал тогтоогдож байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдүүддээ ахуйн осол гэмтлийн талаар мэдээлэл өгөх, хараа хяналт тавих, орчны эрсдлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.