Саяхны нэг өдөр 64 настай, Ц гэгч эмэгтэйг автобуснаас буух гэж байхад нь жолооч анзааралгүй хөдөлснөөс болж чирч давхин, хүнд гэмтээжээ. Түүний баруун хөл нь хоёр хугарч, өвдөг, тойг нь мултарсан байна. “Атибус” компанийн “Зайсан- III, IV хороолол” чиглэлд явдаг 18-89 УНГ дугаартай автобусны жолооч Д.Баасансүрэн хаалгаа ч хаалгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас энэ хэрэг үүджээ. Уг нь Д.Баасансүрэн нийтийн тээврийн салбарт 12 жил ажилласан туршлагатай жолооч гэнэ.
Хохирогч Ц Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй. Түүнтэй уулзахад “Жолооч автобусныхаа дотор толинд хараад хөдөлсөн гэсэн. Намайг бууж байгааг хараагүй юм байлгүй. Энэ үед кондуктор эмэгтэй жолоочийн дэргэд юм яриад инээлдээд байсан. Автобус гуравхан зорчигчтой явсан. Хэрвээ би дотор талын бариулаас бариагүй бол тэр чигээрээ унаж, бүтэн биеэрээ автобусны дугуйн дор орох байлаа. Одоо хагалгаанд орж хөлөндөө хадаас хадуулна. Гомдолтой байна” хэмээн ярилаа. Түүнийг ийн ярихад хажуу талын орон дээр хэвтэж байсан эмэгтэй хэдэн жилийн өмнө бас нэгэн автобусны жолоочоос болж бэртэж, зүүн гарын булчингийн махаа тасдуулснаа ярилаа. Тэр үед жолоочид ямар ч хариуцлага хүлээлгээгүй гэж байв.
ГССҮТ-ийн хүлээн авахын эмч нар автобуснаас бууж, сууж байхдаа гэмтсэн хүмүүсийн тоо тогтмол нэмэгдсээр байгаа гэцгээж байв. Нэг тойрогтоо 76 минут явах ёстой автобус түгж рэлд удаан зогссо ноос болж хуваариасаа хоцорч, цагаа нө хөхийн тулд яарсан нь осол гаргах шалтгаан болсон гэж автобусны баазынхан тайлбарлажээ. “Атибус” компанийн ор логч дарга Б.Батбаатартай уулзах гэсэн ч “Хүний нөөцийн мэргэжилтэнтэй уулз” хэмээн өөрөөсөө түлхлээ. Тэрбээр ийм осол гарсныг ч мэдэхгүй байсан юм. Тус компанийн Хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Мөнхсайхан “100 хувь жолоочийн хариуцлагатай холбоотой осол. Замын цагдаад хэрэг нь шалгагдаж байгаа. Тиймээс бид давхар хариуцлага хүлээлгэхийг бодохгүй байна. Хүн гэмтээгээд хэцүү байдалтай байгаа. Сэтгэл санаа нь тайвширтал жолоочийг нэмж дарамтлаад яахав” гэж ярьж байв.
Нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар хамгийн шилдгүүд байх ёстой. Гэтэл Нийтийн тээврийн газраас жолооч нарыг сонгохдоо мэргэшсэн жолоочийн сургалтад суусан, нийтийн тээвэрт 3-5 жил ажилласан байх гэсэн ойр зуурын шалгуурыг л гол болгодог байна. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 800 орчим автобус явж байгаа. Жижиг тэрэг шиг нэгэнтэйгээ уралддаг автобусууд энэ маягаараа бол хэчнээн ч хүний аминд хүрч, хэдэн ч хүнийг ингэж тахир дутуу болгож магадгүй нь. Тиймээс автобус, троллейбусны жолооч, тэдгээрийн харьяа байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт тогтмол хийж, дүрэм стандартыг шинэчлэх, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай болжээ.
Б.АРИУНТУЯА