Таван монгол хүүхэд харж асрах хүнгүй гудамжинд амьдарч байгаа тухай цахим захидал Шведийн Цагаачлалын албанаас Хүүхдийн төлөө газарт ирүүлсэн тухай бид мэдээлсэн. Тэднийг авчрах талаар Хүүхдийн төлөө газар болоод холбогдох газрууд ямар ажил хийж байгааг сурвалжилсан юм. Хүүхдийн төлөө газрын Хэвлэл мэдээллийн ажилтан н.Ариунаас зарим асуултад хариулт авлаа.
-Шведийн Цагаачлалын албанаас ирүүлсэн захидлын дагуу ямар ажил хийж байна вэ. Захидал ирснээс хойш бараг хагас сар боллоо?
-Энэ сарын 5-нд Шведийн Цагаачлалын албанаас манай газрын Хүүхдийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Д.Сайханбилэгийн и-мэйл хаягаар захидал ирсэн. Захидалд дурдсан хүүхдүүдийн хаяг, овог нэр, харьяалал болон шаардлагатай мэдээллийг бидэнд мэдэгдэхийг хүссэн хариу захидлыг бид илгээсэн. Одоог хүртэл хариу ирээгүй байна. Мөн УБЕГ, ХХЕГ, ГИХАЭГ-т дээрх хүүхдүүдийн төрсний гэрчил гээн үүдийн лавлагаа болон бусад шаардлагатай мэдээллийг гаргаж өгөхийг хүссэн албан бичиг явуулсан ч мөн хариу ирээгүй.
-Шведээс ирүүлсэн цахим захидлыг харж болох уу. Мөн хүүхдүүдийн овог нэрийг хэлж өгөөч. Харийн нутагт монгол хүүхдүүд тэнүүчлэн амьдарч байна гэх мэдээлэл цацагдсан хэрнээ хариуцсан байгууллагаас нь тодорхой хариу өгөхгүй болохоор хүмүүсийн дунд эргэлзээ байх шиг байна?
-Захидлыг үзүүлэх боломжгүй. Холбогдох байгууллагуудаас албан ёсны хариу ирээгүй учраас төрсний гэрчилгээний хуулбаруудыг нийтэд дэлгэх болоогүй” гэв. УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгтэй уулзахад “Хүүхдийн төлөө газраас таван хүүхдийн овог нэр, регистрийн дугаарын лавлагаа, мэдээллийг олж өгөхийг хүссэн албан захидал өчигдөр ирлээ. Бид лавлагааг гаргуулахаар Мэдээллийн сангийн мэргэжилтнүүддээ хүргүүлсэн. Хүүхдүүдийн овог нэр, хаягийг шүүж байгаа. Энэ сарын 20 гэхэд тодорхой мэдээлэл гарна” гэв.
Тус газраас ирүүлсэн таван хүүхдийн төрсний гэрчилгээний регистрийн дугаарыг УБЕГ-ын Цахим мэдээллийн сангаас шүүхэд гэрчилгээн дээрх овог нэр нь зөрсөн аж. Тиймээс УБЕГ-ын Цаасан мэдээллийн сангаас регистрийн дугаарын дагуу шүүж, хаанахын харьяалалтай хүүхэд болохыг тогтоох ажил хийж байгаа юм байна. Монгол Улсын иргэний талаарх бүх мэдээлэл УБЕГ-ын Иргэний баримтын архивт байдаг. Гэтэл тус архивт Хүүхдийн төлөө газраас энэ сард нэг ч албан тоот ирүүлээгүйг хэлтсийн ажилтнууд нь өгүүлэв.
Тус газрын Иргэний бүртгэлийн газрын дарга өчигдөр ирүүлсэн бичиг баримтыг шалгуулахаар холбогдох газарт хүргүүлээд байна хэмээн мэдэгдсэн. Мөн Хүүхдийн төлөө газрын хэвлэлийн ажилтан Шведээс захидал ирсэн даруй лавлагаа хүссэн албан тоотыг УБЕГ-т хүргүүлсэн гэх зэргээр албаны эх сурвалжуудын ам, үйлдэл зөрж буй нь хачирхалтай. Шведээс бичиг баримтынх нь хуулбар мэдээлэл ирээд буй таван хүүхдийг хууль бусаар хил давсан, эсвэл хуурамч бичиг баримттай насанд хүрсэн хүн байж магадгүй гэж зарим хүн таамаглаж байлаа.
Б.ЭНХМАРТ