Хүрээлэн буй орчин, экологийн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Сараана” сан Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дахь Гүн галуутай орон нутгийн тусгай хамгаалалттай газарт байгаль хамгаалах төв байгууллаа. Их зохиолч Д.Нацагдоржийн өлгий нутаг болох тус газар ойт хээр, хээрийн бүсийн заагт оршдог, экосистемийн өвөрмөц хэв шинжтэй учраас олон зүйлийн ховор, нэн ховор амьтан идээшдэг. Ялангуяа ус, намгархаг газарт нь нүүдлийн шувуу олноор нутаглаж, өндөглөн зусаж, үрждэг. Тиймээс тус бүсэд биологийн олон янз байдлын судалгаа хийж, үүний үр дүнд үндэслэн байгаль хамгааллын арга хэмжээнүүдийг тогтвортой хэрэгжүүлэхээр ийм төв байгуулжээ. Мөн биологийн олон янз байдалтай танилцах, шувуу ажиглах зэрэг танин мэдэхүйн аяллуудыг энэ чиглэлд хөгжүүлэхэд тохиромжтой гэж үзсэн байна. Байгаль хамгаалах төвийн нээлт Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр буюу энэ сарын 13-нд болж, “Гүн галуутай” цогцолбор сургуулийн биологийн багш нар, эко клубийн сурагчид оролцжээ.