Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх ажлын хүрээнд өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгөөр БНХАУ-аас 60 автобус авахаар болсон. Гэсэн ч тэдгээрийг хэзээ, хэрхэн авах нь өдий хүртэл тодорхойгүй байсан юм. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар уржигдар “Цар тахлын үеийн болон дараах эдийн засгийн нөхцөл байдал, тээвэр ложистикийн гацаанаас шалтгаалан автобуснуудыг одоо л хил дээр авчраад байгаа. Тэдгээрийг богино хугацаанд буюу нэг сарын дотор татан авахаар ажиллаж байна” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл уржигдраас эхлэн уг автобуснуудыг Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлж эхэлсэн байна. Тодруулбал, тухайн өдөр 18.00 цагийн үед уг боомтоор 36 автобус оруулж иржээ. Тэдгээрийг өчигдөр 11.30 цагийн үед Улаанбаатар луу явуулж эхэлсэн аж. Түүнчлэн өчигдөр дахиад 24 автобус хилээр нэвтрүүлэхээр холбогдох бичиг баримтыг нь бүрдүүлж байгааг эх сурвалж мэдээлсэн юм. Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяраас энэ талаар тодруулахад “Ирэх долоо хоног гэхэд бүх автобусыг оруулж ирж дуусна. Харин тэдгээрийг аль компанид хуваарилахыг одоохондоо хэлэх боломжгүй. Шийдээгүй байгаа” гэв. Эдгээр автобус нь БНХАУ-ын “Xiamen golden dragon bus” компанийнх аж. Манай улсад тус компанийн “Golden dragon XML¬6125J28C” загварын, дизель хөдөлгүүрт автобус оруулж иржээ.