...Дэлгүүрээс гарч явтал булангийн цаахна эмэгтэй хүний чарлах, хүүхэд уйлах дуу хадаад явчихав. Хэрэгт дурлаад яваад очтол хагас шуудайтай самрын нэг захаас нь хоёр цагдаа, нөгөө “чихнээс” нь залуухан бүсгүй байдгаараа зуурчихсан чарлаад л. Хархорин захын траншейныхан нөгөө эмэгтэйн талд орчихсон цагдаа нар луу үсчээд...Ер нь байдал тун хурцдах маягтай болчихсон байв. Хажууд нь бас 3-4 настай болов уу гэмээр нэг халтар жаал байдгаараа уйлж байгааг хараад би ч тэсэлгүй “хүнд гаруудын” армид нэгдэж орхилоо. Ийнхүү тэр хавьд байсан хүмүүс гудамжны бяцхан байлдаанд хүч хавсарснаар энэ удаа ээж, хүү хоёрыг цагдаа нарын гараас мулталж дөнгөсөн юм.
Хүч тэнцвэргүй иймэрхүү гар тулаан сүүлийн үед энд тэндгүй байн байн гарч, жирэмсэн эмэгтэйг хүртэл цагдаагийн байранд аваачин өшигчиж байгаад самрыг нь дээрэмдсэнтэй “Өдрийн сонин”-ынхон таарсан талаар гарсан байсан. Эл явдлыг хараад сэтгэлд нэг зүйл зурсхийж билээ. Өнгөрсөн зууны тэртээх 70-аад оны үед намар болгон хадлан тэжээл бэлтгэх албанд сумын төвийн бүх оршин суугч хөгшид, хүүхэдгүй дайчлагддаг байлаа. Аав, ээжүүд албан газраараа хадланд явна.
Харин бидэнд сумын төвөөс нэг их холгүй Өлөнгийн их талыг захалсан бор толгодыг хэрэн, хулганы хөеө түүх ихээхэн зугаатай ажил ногдоно. Хулгана ч гэсэн амьтан л болсон хойно өвлийн идшээ намаржин гүйн байж чадах чинээгээрээ нөөцлөн бэлдэнэ. Мөнөөх жаахан өвсийг нь нам засгийн даалгавраар бид ингэж дээрэмдэнэ. Хөеөгөө алдаж буй хөөрхий хулганууд нүхнийхээ цаанаас байдгаараа чарлалддаг байж билээ. Энэ дээрэм гудамжинд болсон үйл явдалтай агаар нэг байсан даа. Ялгаатай нь, тэр үеийн нам засаг оготно дээрэмдэж авсан хөеөгөөр тэжээсэн малаа Орост нийлүүлдэг байв. Тэгвэл одоогийн төр, засгийнхан ядуусаас дээрэмдэж авсан самраа Хятад руу зөөн мөнгө угаадаг гэхэд хилсдэхгүй.
Ноорхой хувцастай халтар хүүгийн адил олон ээж, аавын цуглуулсан самрыг Монголын Засгийн газрын тогтоолоор цэрэг цагдаагийн хүч хавсран дээрэмддэг энэ тогтолцоо шударга гэж үү. Угтаа бол хушны самрын бизнес өнөөдөр хятадуудтай хамтран хийдэг хэдэн тэрбумаар үнэлэгдэх далд бизнес болсныг хэн хүнгүй хүлээн зөвшөөрнө. Он дуусахад хураасан самрын хэмжээ хэдэн арван тоннд хүрэх нь тодорхой. Чухам тэр үед төр, засаг хураасан самраа яах вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Магадгүй хориг тавьсан хуулиа хүчингүй болгочихоод экспортод гаргахаар санаархахыг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр энэ эрээ цээрээ алдсан дээрмийг яг өнөөдрөөс зогсоож, хушны самрыг дотооддоо боловсруулах, мон голчууд өөрсдөө хүнсэндээ хэрэглэх боломжоор хангаж болно шүү дээ.
Ш.ПҮРЭВСҮРЭН