Засгийн газар аялал жуулчлалыг сэргээх чиглэлээр тодорхой шийдвэрүүд гаргаад байна. Нэн түрүүнд өнгөрсөн хугацаанд үүссэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлөх хугацааг хойшлуулж, бизнес эрхлэгчдэд амьсгаа авах чөлөө өглөө. Салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч энэ санаачилга чухам хэдийнээс ажил хэрэг болох нь тодорхойгүй. Мөн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгийг нэмэгдүүлэх зорилгоор МИАТ ТӨХК-д төрөөс татаас олгохоор шийдвэрлэв. Улмаар тус компани энэ сарын 9-нөөс эхлээд долоо хоногт таван удаа Германы томоохон хот руу нислэг үйлдэж эхэллээ. БНСУ-ын аялагчдад Монголд 90 хоногийн хугацаанд визгүй зорчих онцгой эрх ч олгов. Тэрчлэн 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, гадаад маркетинг, сурталчилгааг идэвхжүүлэхээр төлөвлөсөн. Үүний хүрээнд яг одоо Япон, Солонгост манай улсыг сурталчлах арга хэмжээ болж буй.
Дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлснээр 2022 оны зуныг ашигтай байлгаж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх боломжтой хэмээн Засгийн газрын тэргүүн онцолсон. Бас ийм томоохон алхмуудыг хийснээр 2024 он гэхэд Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авах зорилтдоо хүрч, ирэх дөрвөн жилд утаагүй үйлдвэрлэлийн салбараас 10 гаруй их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой гэсэн эерэг тооцоолол гаргаад буй. Гэвч одоогийн энэ тэмээ туйлчихсан юм шиг ундуй сундуй, нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй, салбарын хөгжилд саад тушаа болдог, ужгирсан асуудлуудаа хойш тавьсан нөхцөл байдлаас харахад эл зорилт биелэх, эсэх нь тун бүрхэг. Аялал жуулчлалын идэвхтэй хугацаа болох зуны саруудын “тоолуур” хэдийн гүйгээд эхэллээ. Ирсэн жуулчин ховор. Ирэх саруудад ч ийм байж болзошгүйг, энэ зуныг өнгөрсөн оныхоос ч муу үзүүлэлтээр үдэж магадгүй гэсэн таагүй зураглалыг салбарын судлаач, мэргэжилтнүүд дэвшүүлэв.
ТОЛГОЙН ӨВЧИН
Аялал жуулчлалын салбарын хөгжилд агаарын тээвэр гол нөлөөтэй. Тиймээс энэ салбарыг либералчлах асуудлыг олон жил хөндөж, хөөцөлдөж буй. Нислэгийн тоо цөөн, хаана ч байхгүй өндөр өртөгтэй, үйлчилгээ муу зэрэг таагүй үнэлгээ тэднийг байнга дагадаг. Гэтэл муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр угаасаа ийм асуудалтай салбарт цар тахал, улс хоорондын сөргөлдөөн зэрэг гэнэтийн хүчин зүйлс улам нэрмээс болов. Манай улсаар дамжин өнгөрөх болон шууд нислэгийн тоо ердийн үеийнхээс 60-70 орчим хувиар буураад байна. Орос, Украины нөхцөл байдлаас улбаатай тогтоосон агаарын тээврийн хориг, хязгаарлалтын улмаас Европоос жуулчин хүлээж авах гол урсгалууд хаагдсан. Улаанбаатараас Истанбул, Франкфурт, Бишкек гэсэн цөөн чиглэлд шууд нислэг үйлдэх сонголт үлдсэнийг далимдуулан агаарын тээврийн компаниуд тийзийн үнээ “тэнгэрт хөөргөсөн” юм.
Дэлхийн улс орнууд цар тахал, улс төрийн нөхцөл байдлыг сөрж, аялал жуулчлалаа сэргээхийн тулд агаарын орон зайн багтаамж, урсгалыг нэмэгдүүлэх, тэр дундаа үнийн уян хатан нөхцөл бий болгоход ихээхэн анхаарч байгааг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайланд дурджээ. Жилдээ гурван сая жуулчин хүлээж авдаг Киргиз улс гэхэд хамгийн хямд тийзтэй орнуудын тоонд багтдаг хэрнээ аялагчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд нислэгийн зардлаа энэ хавар 5-10 хувиар бууруулсан гэнэ. Харин Монголд үүний эсрэг бодлого хэрэгжүүлж, авиа компаниуд жуулчдыг үргээж эхэлсэн учраас Засгийн газар МИАТ ТӨХК-д арга буюу татаас олгохоор шийдвэрлэв. Гэвч энэ нь европ жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд төдийлөн нэмэртэй бус гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Тийзийн үнийг олон улсын жишигт нийцүүлэн буулгаагүй цагт долоо хоногт хэчнээн удаа нислэг үйлдсэн ч ялгаагүй, жуулчид халгасан хэвээр гэнэ.
Монголын аялал жуулчлалын холбоо утаагүй үйлдвэрлэлийн салбарыг сэргээх чиглэлээр ямар арга хэмжээ авах талаар бизнес эрхлэгчдийн дунд санал асуулга явуулахад 90 орчим хувь нь “нислэгийн зардал бууруулах” гэжээ. Урт хугацаандаа агаарын тээврийн салбарыг либералчлах гэсэн санал дэвшүүлж. Үүний дагуу Ерөнхий сайд энэ ажлыг эрчимжүүлэх чиглэлийг аялал жуулчлал, агаарын тээврийн салбарын хамтарсан зөвлөлд өгсөн ч урагшгүй, хуралдахаас хэтрэхгүй байгаа сурагтай.
ЗОРИЛТОТ ЗАХ ЗЭЭЛ
Манай орныг зорин ирдэг жуулчдын урсгал хөрш хоёр орноос ихээхэн хамааралтай. Гэтэл цаг үеийн нөхцөл байдлаас улбаатайгаар тус хоёр улс агаарын болон авто тээврийн хязгаарлалт тогтоогоод буй. Хойд хөршийн хувьд олон улсын хоригт орсон. Тиймээс яг одоогийн байдлаар Монгол Улсын хувьд хамгийн ашигтай чиглэл бол Япон, Солонгос. Эдгээр орон руу шууд нислэг үйлдэх, саадгүй зорчих боломжтой учраас зорилтот зах зээлээ болгоход нэн тохиромжтой. Тиймээс Засгийн газар энэ чиглэлээр үе шаттай арга хэмжээнүүд авч эхлэв.
Нэн түрүүнд солонгос жуулчдыг визийн шаардлагаас чөлөөллөө. Энэ бол яалт ч үгүй цагаа, нүдээ олсон шийдвэр. Мөн дээрх улсуудад Монголын соёлын өдөрлөг, аялал жуулчлалын форум зохион байгуулж байна. Гадаад сурталчилгаа, маркетинг мэдээж чухал. Харин үүнийг ямар байдлаар, хэрхэн зохион байгуулахаас их зүйл шалтгаална. Нөгөөтээгүүр, япон, солонгос жуулчдын онцлог, хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход, хөгжүүлэхэд анхаарах шаардлага тулгарлаа. Эдгээр улсаас ирдэг жуулчид бүлгээр аялах сонирхолтой бөгөөд европчуудтай харьцуулахад аялалд богино хугацаа, бага мөнгө зарцуулдаг гэдэг. Маршрутын хувьд ч төвийн буюу Архангай, Хөвсгөл зэрэг цөөн аймаг, нийслэлээр (ялангуяа Тэрэлж рүү) голчлон аялдаг юм билээ. Солонгосчуудын хувьд гар урлалын зүйлс худалдаж авах сонирхолтой бөгөөд хоол хүнс, ахуйн хэрэглээний зүйлсээ сонгохдоо хүртэл үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг “аминч” үзэлтэйгээрээ алдартай. Харин япончууд экстрим буюу илүү адал явдалтай аялал сонирхдог гэсэн чиг баримжаа бий. Тэгвэл бидэнд тэднийг татах ямар нөөц бололцоо бий вэ гэдгийг нухацтайгаар судалж, тооцоолох шаардлага дахин үүсэв.
Нэгэнт голлох зах зээлийн орон нь тодорхой болсон учир энэ чиглэл дэх нислэгийн тоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн асуудлыг аялал жуулчлал, агаарын тээврийн салбарын хамтарсан зөвлөл хөндөж эхэлсэн гэнэ. Ирэх сараас эхлээд БНСУ-ын “Jeju air Co”, “T’way” компани Монголын нийслэл рүү долоо хоногт 3-4 удаа тогтмол нислэг үйлдэхээр зөвшөөрөл аваад буй аж. Ингэснээр Монгол, Солонгосын таван компани хоёр улсын нийслэл хооронд зорчигч тээвэрлэх нь. Гэхдээ жуулчдын тоог нислэгийн давтамжаас хамааруулж үзэх нь учир дутагдалтай. Жуулчид зорин ирэх шалтгааныг л бий болгох нь чухал. Ялангуяа аялал жуулчлалын голлох зах зээлийн орнуудын жагсаалтад эхний таваас хойш орсоор ирсэн (цар тахлаас өмнөх үед) япон, солонгос жуулчдаар “шархаа нөхнө” гэдэг яггүй.
БОДИТООР НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЬЕ
Аялал жуулчлал цар тахлын өмнөх ба дараах гэсэн үечлэлд хуваагдаад байна. Удаан хугацаанд сул зогсохдоо алдсан боломжоо нөхөх, 2019 оны түвшинд хүргэх гэсэн нэгэн ижил зорилт бүхий гарааны зурхайд улс орнууд ирлээ. Энэ чухал үед аялал жуулчлалын салбарт оновчтой бодлого, шийдвэр чухал. Түүнчлэн өнгөрсөн дэх алдаа дутагдлаа, өнөөгийн нөхцөл байдлаа бодитоор үнэлж, дүгнэн, цаашдын хөгжлийн хандлагаа тодорхойлох нь зүйтэй. Салбарын тулгамдсан асуудлаа шийдээд, цааш “алхах нь” оновчтой мэт. Гэтэл бодлого тодорхойлж, шийдвэр гаргагчид “шат алгасан”, чиг баримжаагүй хурдалсаар, зүтгэсээр байна. Модон жорлон, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдээгүй байж, жуулчны бааз, амралтын газруудаа нэгдсэн стандарт, зохион байгуулалтад оруулж дөнгөөгүй атал гадаадад өчнөөн сая төгрөгийн зардлаар өдөрлөг, форум хийж байх юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд саад тотгор болсоор ирсэн агаарын тээврийн салбарт дорвитой шинэчлэл хийж дөнгөхгүй байгаагаа нислэгийн тоог олшруулах шийдвэр төдийхнөөр хаацайлах жишээтэй. Нийслэлд хамгийн ойрт тооцогддог аялал жуулчлалын гол бүс болох Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг бохирдол, доройтлоос нь салгаж хүчрэхгүй мөртлөө хот орчимд түүхэн аялал хөгжүүлнэ гэж “том” төсөв хуваарилах. Нэг сая жуулчин хүлээж авах, 10 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх гэсэн томоохон зорилттой хөтөлбөрүүд дуулдаж эхэлсэн ч Монголын аялал жуулчлал модон жорлонгийн асуудлаа шийдэж хүчрэхгүй дорой, “дөнгө”-тэй хэвээр байна.
БОАЖЯ саяхан “Монгол Улс өнгөрсөн хоёрдугаар сард өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ цуцалж, олон улсад хилээ нээснээс хойш 25 236 жуулчин хүлээж авсан. Энэ нь өнгөрсөн оныхоос 329 хувиар өссөн дүн. Салбарын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 404 хувиар өсөж, 21.1 сая ам.долларт хүрсэн” гэж мэдээлсэн. Гэтэл Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр цөөн хоногийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Жуулчны визтэй ирж буй хүн тун цөөн. Сард дунджаар 200 орчим жуулчин ирж байна. Энэ зун дахиад л жуулчингүй байх нь” хэмээн ярьжээ. Хилээр нэвтэрсэн бүхнийг жуулчин гэж үзэх боломжгүйг яамныхан мэддэггүй учраас тийнхүү дэвэргэсэн бололтой. Албаны хүмүүсийн тогтоосон “үнэн” бодит байдлаас хэр зөрүүтэйг эндээс харж болно.
ДОТООД НӨӨЦ БОЛОМЖ
Монголд үйл ажиллагаа явуулдаг ихэнх жуулчны бааз, амралтын газруудтай хамтарч ажилладаг, Joinme.mn платформын захирал Э.Цоморлиг өнгөрсөн оны хавар “2021 он бол монголчууд эх орондоо хөрөнгө оруулах жил. 2019 онд Монголд аялсан гадаадын жуулчид 607 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн. Харин монголчууд гадаадад аялахдаа үүнээс 10 орчим сая ам.доллароор илүү буюу 1.5 их наяд төгрөгийг бусад орны зах зээлд шингээжээ. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлбэл бидэнд ямар их боломж байгааг эндээс харж болно. Коронавирусийн “ачаар” энэ их хэмжээний мөнгөний ядаж тал хувь нь Монголын эдийн засагт шингэсэн гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьсныг энд онцлон сануулъя. Учир нь 2022 оны зун ч дотоодын аялагчид гол тоглогчийн байр суурь эзлэх бололтой. Салбарын бизнес эрхлэгчид ч энэ талаар хөндөж эхэллээ.
Тэгэхээр холбогдох байгууллагынхан дотоодын жуулчдад чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд давхар анхаарах хэрэгтэй болж байна. Компаниуд ч шинэ үйлчилгээ, аяллын маршрутууд нэвтрүүлж, жуулчдыг татах боломжтойг анхаарууштай. Мөн Хөвсгөл, Увс, Өгий, Хар зүрхний хөх нуур, Алтай таван богд, Тэрэлж зэрэг жуулчид олноор очдог, жилийн жилд хүний хөлд дарагддаг газрууддаа байгаль хамгааллын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийг нэмэгдүүлэх, ажиллах хүн хүчээр сэлбэх, хог хаягдал, ариун цэврийн байгууламжийн асуудлыг нэгмөсөн цэгцлэх, хяналт шалгалтыг сайжруулах гээд хийх ажил бишгүй.
“Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ, Иргэний нисэхийн үндэсний төв хамтран ерөнхий зориулалтын нисэх буюу бага оврын онгоцыг аялал жуулчлалын салбарт нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж буй. Үүнийг аялал жуулчлалын олон компани дэмжсэн бөгөөд цөөнгүй нь хөөрөх, буух зурвас, нислэгийн талбай байгуулах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна билээ. Хэрэв үүнийг Монголын нөхцөлд тохируулан, боломжийн үнэ өртөгтэйгөөр идээшүүлж чадвал дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тодорхой хэмжээнд нөлөөлөх нь дамжиггүй. Одоогийн агаарын тээврийн компаниуд шиг Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлд 1.5 сая төгрөгөөр нисэх хэтийдсэн ханш тогтоочихгүй бол жуулчид дотооддоо онгоцоор аялахыг илүүд үзэх нь лавтай.