Хушны самар ямар өндөр ач холбогдолтой, экологийн цэвэр бүтээгдэхүүн болохыг та мэдэх үү. Хуш нь зөвхөн Монголд төдийгүй дэлхийд ихээхэн ховордсон экологи, эдийн засгийн чухал ач холбогдолтой ховор, үнэт мод бөгөөд самар нь жинхэнэ экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Сибирь хуш модны самрын идээ, хальс, боргоцой, шилмүүс зэргийг хоол тэжээлийн болон эмчилгээний зориулалтаар өргөн ашигладаг. Самрын чөмөгний найрлагад тос тослог 59.9, уураг 19.6, нүүрстөрөгч 16.7 хувь байдаг ажээ. Самрын уураг нь хүний биед түргэн шингэх онцгой чанартай. Түүнчлэн 20 гаруй хувьд нь байдаг амин хүчил нь нялх хүүхдэд ямар ч тэжээлээр орлуулшгүй бодис болдгийг шинжлэх ухаан тогтоожээ.
В болон Д витаминаар баялаг хушны самарт В1, В6 витаминуудын агуулга бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад өндөр байдаг. Эдгээр витаминыг цацраг идэвхт хордлогын эсрэг өргөн ашигладаг шүү дээ. Самарт агуулагддаг Е болон Ф төрлийн витамин нь эхийн хөхний сүүг арвижуулахад хэрэглэдэг. Сүүлийн үед самраас хүний биед маш ашигтай бичил элемент болон эрдэс бодисыг нээн илрүүлээд байна. Тухайлбал, магни, төмөр, зэс, фосфор, иод зэргийг дурдаж болно. Самрын тосыг ардын эмчилгээнд сүрьеэ, арьсны өвчин зэргийг анагаахад хэрэглэнэ. Хүний дархлалыг бэхжүү- лэх чухал үүрэгтэй бүтээгдэхүүн юм. Дэлхийн эмийн томоохон үйлдвэрүүдэд технологийн дагуу боловсруулсан самрын тос нь өндөр эрэлт хэрэгцээтэй байдаг. Нэг литр тосыг 80-90 ам.доллараар борлуулдаг байна.
Хүн өдөрт 100 грамм самар цөмөхөд амин хүчил болон бичил элементийн өдрийнхөө хэрэгцээг хангачихна. Ийм учраас хушны самрын үр нь хүнсний болон эрүүл ахуйн өндөр ач холбогдолтойд тооцогддог юм. Монгол орны хувьд хуш нь хязгаарлагдмал тархалттай, гол төлөв 1500 метрээс дээш өргөгдсөн томоохон уул нуруудын өндөрлөг хэсэгт ургадаг билээ. Гол нөөц нь Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулсын зарим хэсэг, Хангай, Ханхөхийн нуруунд алаг цоог тархсан байдаг аж. Ойн тухай хуулиар хуш мод зонхилдог цармын бүслүүрийн ойг онцгой бүсэд хамааруулсан. Хуш мод болон самрыг нь Байгалийн ургамлын тухай хуулийн дагуу Засгийн газрын тогтоолоор ховор мод, ургамлын жагсаалтад багтаасан билээ.
Мөн хушин ойгоо хамгаалах зорилгоор Засгийн газрын 2008 оны 149 дүгээр тогтоолоор хуш модны үр самрыг хар тамхи, зэр зэвсэг мэтийн нэгэн адилаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа, бүтээгдэхүүний жагсаалтад оруулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 286 дугаар тушаа лаар Хуш модны самрыг экспортын зориулалтаар түүж бэлтгэх, экспортлохыг хориглосон. Ийнхүү төр, засгаас самрын экспортыг хориглосон нь ховор ургамал болох хушин ойгоо хамгаалах мэргэн бодлого мөн. Харин хушны самрыг хувийнхаа, гэр бүлийнхээ ахуйн хэрэгцээнд зориулан тухайн сум, дүүрэгт зохих төлбөр (нэг кг тутамд 500 төгрөг)- ийг төлж зөвшөөрөл авсны үндсэн дээр бага хэмжээгээр түүхийг хориглодоггүй.
Самар нь жил бүр сайн гардаггүй, ихэвчлэн гурав орчим жилийн давтамжтайгаар ургацаа өгдөг. Энэ жилийн хувьд самар, жимсний ургац ойрын хэдэн жилд байгаагүйгээр их гарлаа. Уг нь хушны самар нь есдүгээр сарын 20- доор бүрэн боловсорч гүйцдэг. Гэвч долдугаар сараас түүхийгээр нь түүгээд эхэлчих сэн нь тун харамсалтай. Сүүлийн жи лүүдэд амар хялбар аргаар ашиг хонжоо олох гэсэн хятад, монгол иргэд самар бэлтгэх, худалдан авах зорилгоор Монгол орны ховор мод болох хушин ой руу хошуурах болсноор нөөц хомсдох, гэмтэх, сүйдэх, ойн түймэр гарах зэрэг сөрөг үр дагаврыг бий болгосоор байна.
Хуш мод нь давирхай ихтэй учраас шатамхай чанартай байдаг. Тиймээс түймэр гарахад амархан. Ургац сайтай жил самарчид ууланд хэдэн зуу, мянгаараа гараад байна. Тэд ууланд байрлаж хоноглох, түүсэн самраа хадгалах зорилгоор ургаа модыг унаган амбаар, пүнз маягийн оромж, агуулах барьж төвхнөдөг. Тэрчлэн самарчдыг хүргэж өгөх, хоол хүнс залгуулах, бэлтгэсэн самрыг нь уулнаас буулгаж татаж авдаг хүмүүс бас бий. Мөн ченжүүд самарчдын отгуудаар хэсэж явахдаа гол төлөв туулах чадвар сайтай “Урал”, “Зил- 131”, “Газ-66” машин, дугуйт тракторыг ашиглана. Энэ нь улмаар ойд олон салаа зам харгуй гаргах, ан амьтныг айлгаж дүрвээх, агнах, залуу нялх моддыг хуга дайрах зэргээр байгаль орчинд ихээхэн хэмжээний хор хохирол учруулдаг гэдгийг мартаж болохгүй.
Х.БАДАМ