Өнөөдөр дэлхийн өрхийн эмч нарын өдөр. Манай улсын бүхий л аймаг, нийслэлийн найман дүүрэгт Өрхийн эрүүл мэндийн 225 төвд 1386 эмч ажиллаж, 2.4 сая иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж байдаг аж. Тэд цалин багатай ч энэ удаа энэ асуудлыг хөндөхгүй, эмч нар хомсдолтой ч энэ тухай ярихаа урьтал болголгүй хэд хэдэн ажил зохион байгуулахаар төлөвлөсөн талаар Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос мэдээллээ.
Өрхийн эмч нарын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжихээр судлаач эмч нарын клуб байгуулж буй аж. Эмч, сувилагч нарын дунд онол, практикийн бага хурлыг АШУҮИС-ийн Өрхийн анагаах ухааны тэнхимтэй хамтран зохион байгуулна. Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод буй зүрх, судасны өвчнөөс сэргийлэхийг сануулах хүрээнд “Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөгтэй. Үүнийг өнөөдөр 11.00-15.00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, харин орон нутагт бол аймгийн төвийн төв талбайд явуулна.
Энэ хүрээнд цусны даралт хэмжиж, чихрийн шижин, холестерин үзэж, мобайл технологи ашиглаж зүрхний бичлэг хийн, онош тодруулах үйлчилгээ үзүүлэх юм байна. Бас “Танида” аппаратаар биеийн бүтцийг тодорхойлж, зөвлөгөө өгнө. Үүний зэрэгцээ өрхийн эмнэлгийнхэн “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж нийт 9000 мод тарих аж. Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй 3000 эмч, мэргэжилтэн, ажилтан тус бүр нэг мод гэхээр ийм тоо гарч буй гэнэ. Бас нэгэн сонирхолтой ажил нь нийслэлийнхэн Налайх дүүрэгт явуулах спортын дөрвөн төрөлт тэмцээн ажээ. Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг 2010 оноос олон улсад тэмдэглэсэн бол манайд 2012 оноос эхэлжээ.
Р.Оюунаа