Хэнтий аймгийн Норовлин сумд өчигдөр 16:56 цагт ойн түймэр гарсан гэх дуудлага ОБЕГ-ынхан хүлээн авсан гэнэ. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн түймрийг мөн өдрийн 23:00 цагт цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Батширээт сумд 15:21 цагт ойн түймэр гарсан гэх дуудлага хүлээн авчээ. Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэргийг 05.18-ны өдрийн 17:16 цагт Хэнтий аймгийн Батширээт сум ойн гал түймэр гарсан газрын чиглэлд хөөргөж агаараас ажиглалт тандалт хийж, түймэр унтраах шуурхай бүлгийн алба хаагчдыг түймрийг голомтод буулгасан. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Батширээт сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн түймрийг мөн өдрийн 21:51 цагт цурманд оруулсан бөгөөд, бүрэн унтраахаар ажиллаж байна.