Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Улмаар нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаарх асуудлыг хэлэлцэж, нийслэлийн удирдлагад үүрэг чиглэл өгчээ. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд танилцуулга хийв.
Тэрбээр "2021 оны улсын төсөвт 60 орчим нийтийн тээврийн автобусыг шинээр суулгасан хэдий ч цар тахлын дараах эдийн засгийн хүндрэл, тээвэр ложистикийн гацалтаас үүссэн асуудал гарсан. Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн 1200 орчим тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй. Тиймээс хотод нэн шаардлагатай байгаа тээврийн хэрэгслийн парк шинэчлэлийг хоёр үе шаттай хийж хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгсөн. Өдгөө нийтийн тээврийн стандартын дагуу байх шаардлагатай тоо хэмжээ нь 1 432 ширхэг автобус гэдгийг Засгийн газарт танилцуулсан. 50 хувийг нь энэ жил шийдээд, үлдсэн 50 хувийг 2023, 2024 онд шийдэж нийтийн тээврийн асуудлыг бүрэн шийдэх чиглэл өгсөн.
Өнөөдрийн байдлаар Замын-Үүд-Эрээн боомтод нийтийн тээврийн 70 автобус ирсэн. 75 хүүхдийн автобус хил дээр ирчихсэн татан авалт хийж байна. Эхнээсээ татан авалт хийж байна. Сарын хугацаанд татан авч үйлчилгээнд явуулахаар бэлтгэл ажлыг хийж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 2022 оны төгсгөлд ашиглалтаас хасагдах 975 тээврийн хэрэгсэл байна. Эдгээрийн автобусны ашиглалтын хугацаа дуусаад 10 гаруй жил болсон" гэлээ.
Өнгөрсөн нэг жилийн төсвийн явц, тендерийн хуультай холбоотойгоор автобусны худалдан авалт саатаж, сул тал бодитоор гарсан байна. Тиймээс хугацаа дуусаж буй 530 автобусны шинэчлэлийг нэн богино хугацаанд хийх үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өгсөн аж. Ингэхдээ үйлдвэрлэгч компанитай шууд харилцан парк шинэчлэл, засвар үйлчилгээтэй нь хамт оруулж ирэх юм. Эхний ээлжид цахилгаан хөдөлгүүрт автобус 110, дизель хөдөлгүүрт 410, троллейбус 40, дунд оврын автобус 30-ыг оруулж ирэхээр хуваарь гаргажээ.
Парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 591 автобусыг олон улсын санхүүгийн хэлбэрээр авна. Хоёр жилийн хугацаатай авсан 40 орчим сая ам.долларын зээлийн эх үүсвэрийг өөрийн ашиглалтаар нь төлж дуусгах санхүүгийн схем гаргасан гэнэ. Ингэхдээ Хятадын Хөгжлийн банкны зээлээр автобусаа богино хугацаанд шинэчлэх аж. Ер нь 970 тээврийг тээврийн хэрэгслийг зайлшгүй солих ёстой. Тиймээс 591 автобусыг наймдугаар сарын 20 гэхэд шууд худалдан авалтаар татан авахаар төлөвлөжээ. Улмаар бүрэн тоноглогдсон орчин үеийн, WIFI автобусыг оруулж ирэхээр цаад нийлүүлэгч компанитай ярилцаж байгаа аж.